Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн мэдээлэл өглөө. ДЭМБ-ын мэдээгээр CoVid19 вирусийн халдвар дэлхийн 99 оронд тархаж 4 оронд шинээр бүртгэгджээ. Япон, Өмнөд Солонгос, Иран, Итали, АНУ-д вирусийн халдвар эрчтэй тархаж голомтлох байдал ажиглагдаж байна. Нийтдээ 101927 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд 24 цагийн хугацаанд 106 хүн нас барж амиа алдагсдын тоо 3600 болжээ.
Монгол Улсын хувьд тусгаарлах ажиглалтад 901 хүн байна. Жаргалантын аман дахь ОБЕГ-ын сургалтын төвд анхлан тусгаарлагдсан эхний 17 хүний ажиглалтын 14 хоног өнөөдөр дуусаж гэр лүүгээ буцаж байна.
Гуравдугаар сарын 1-нд Дорноговь аймагт ирсэн Францын иргэнээс сэжигтэй тохиолдол илэрсэн тул тусгаарлан тандалт шинжилгээний ажил хийгдэж байна.
ХӨСҮТ-д өчигдрийн байдлаар 3 сэжигтэй тохиодлыг тусгаарлан тандалт хийж байна.Шинжилгээний хариу хараахан гараагүй байгаа юм. Энэ сарын 6-ны өдөр тус төвд ажиглалтад авсан 13, "Асралт мед" эмнэлэгт байгаа 4, Дархан-Уул аймагт нэг нийтдээ 18 хүнийг тусгаарлаад байна.
Онц байдлын дэглэмтэй холбогдуулан иргэдийг аль болох гадны улс орнуудад зорчихгүй байхыг анхааруулж буй. Гэтэл иргэдийг зорчих, аялах урсгал тасрахгүйг байгааг эмч мэргэжилтнүүд анхааруулж байна. Тухайлбал АНУ-д болсон Дэлхийн үл хөдлөх хөрөнгийн форумд манай 24 иргэн оролцохоор явжээ. Лас Вегас хотноо болсон уг форумд дэлхийн 60 шахам орны 6000 хүн оролцсоноос Канадын иргэнээс вирусийн халдвар илрээд байгаа аж. Одоогоор уг 24 хүнээс 16 нь эх орондоо ирээд байна. Харамсалтай нь олон улсын хуралд оролцсоноо хэлэлгүй нуун дарагдуулахыг оролджээ. Одоогоор ирсэн 16 иргэнд ямар нэгэн зовуурь алга. Дараагийн нислэгээр ирэх 8 иргэнийг мөн тусгаарлаж шинжилгээнд хамруулахаар бэлдэж байна.