Чингэлтэй дүүргийн МАН-ын хорооны гишүүдийн хоорондын хагарал, тэмцэл дээд цэгтээ хүрч ганцхан өдрийн дотор ИТХ-ын дарга, Засаг дарга нараа огцрууллаа. Чингэлтэйн ИТХ-ын даргаар ажиллаж байсан Д.Бат-Эрдэнийг ИТХ-ын даргаас, Ж.Эрдэнэбатыг дүүргийн Засаг даргаас огцруулав.
Энэ үйл явдлыг өнгөц харвал дүүргийн удирдлагуудыг сльж байгаа мэт боловч цаагуураа УИХ-ын гишүүдийн эрх мэдлийн төлөөх зодоон ил цагаандаа гарч, хоёрдугаар ээлжийнхэн хоолондоо орцгоож байна. Тодруулбал, МАН-аас нэр дэвшиж УИХ-д сонгогдсон гишүүн Д.Ганболд, Т.Аюурсайхан, М.Оюунчимэг нар түнжин тасарснаас дүүргийг ийн бужигнуулж байгаа ажээ.
Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбатыг ажлаас нь чөлөөлсөн тул түүний орлогчоор ажиллаж байсан Ж.Лхагвасүрэнг түр орлон гүйцэтгэгчээр дээд шатных нь Засаг дарга томилжээ. Нэг баг болж хамт явж байснаа даргыгаа мөргөж дарга болсон Ж.Лхагвасүрэнг УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы фракц хэмээн МАН-ынхан өөрсдөө хэлж байна.
УИХ-д тохой залган суудаг гишүүн Д.Ганболд, Т.Аюурсайхан нарын далд зодоон төрийн байгууллагуудыг бужигнуулж, хоёрдугаар ээлжийнхэн хоолонд орсноор ийн өндөрлөх бололтой. УИХ-ын ээлжит сонгууль хаяанд ирсэн энэ цаг үед Чингэлтэй дүүргийн МАН-ынхан хоорондоо арсалдаж байгаа нь өрсөлдөгчдөд нь таатай байгаа нь мэдээж. Намынхандаа жийгдэж огцорсон дарга нар шүүхдэлцэнэ гээд хаалга саваад гарчээ.