БНХАУ-д байгаа Монголын 336 иргэнийг эх оронд нь авчрахаар ажиллаж байна гэдгийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар мэдээллээ.
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “Хилээр нэвтрэх журам, зохицуулалтад тодорхой хязгаарлалт хийхдээ БНХАУ-д байгаа иргэдэд хугацаа өгч, энэ хугацаанд иргэдийг татан авах чиглэлээр ажилласан. Хоёр орны харилцаа өргөн хүрээтэй өрнөж байгаагийн илрэл нь бид тодорхой хугацаа өгөөд байхад иргэд үлдэж байгаагаар харагдаж байна. Бид БНХАУ-ын талтай байнга ярилцаж байна. Нөгөө талдаа нэгэнт хорио тавьсан байгаа тохиолдолд өөрчлөхөд амар биш байна” гэлээ.
Харин Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг “Өнгөрсөн баасан гарагаас хойш Монголын 106 иргэн эх орондоо ирсэн. Эдгээр иргэд зөвхөн Эрээн бус Шанхай, Хөх хот гээд бүхий л хотуудаас ирсэн. Бид бүтэн сарын турш Монголын иргэдэд мэдээлэл хүргэж, холбогдсон. Ингээд хэдий хил хаасан ч гэсэн БНХАУ-ын талтай ярилцаад зохион байгуулалтад оруулан автобусаар авчирсан. Гэсэн ч өнөөдрийн байдлаар Шанхайн тойргоос 180, Бээжин 56, Эрээнд 100, Хөх хотод нэлээд иргэд эх орондоо ирэх хүсэлтээ гаргаад байна. Ойрын хугацаанд эдгээр иргэдийг татан авчирна” гэсэн юм.