Үдээс өмнө хаалттай хуралдаанаар нууц санал хураалтад 58 гишүүн оролцож, 30 нь бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх нь зүйтэй хэмээн үзсэн. Бүрэн эрхийг түдгэлзүүлэх тогтоолын төслийг батлах санал хураалт явуулж дэмжигдэхгүй бол чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэнэ гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар хэллээ.
Чуулганы ирц бүрдэхгүй байгаа тул УИХ-ын гишүүн, Ёс зүйн дэд хорооны дарга Б.Бат-Эрдэнэ гишүүдийн нэрийг дуудаж, танхимдаа ирэхийг хүсэв. УИХ-ын дарга ч мөн адил гишүүдийг картаа сугалж гарч болохгүй гэдгийг хэлж байна.
УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: УИХ-ын гишүүний чөлөөлөгдөх хүсэлтийг танилцуулах илтгэгч байхгүй, танилцуулагдахгүй байгаа тул УИХ-ын Дэгийн тухай хуулийн 16.12 дагуу дараагийн асуудлаа хэлэлцэх санал гаргаж байна. Дараагийн асуудал бол УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг дэмжих тогтоолын төслөө баталгаажуулах асуудлыг хэлэлцэх горимын санал гаргаж байна.
Чуулганы хуралдаанд оролцож байгаа 40 гишүүний 30 нь дэмжсэнээр УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг баталгаажуулах тогтоолын төслийг батлах асуудлыг хэлэлцэхээр боллоо.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж тогтоолын төслийг батлах санал хураалтыг нээлттэй явуулах горимын санал гаргасны дагуу 38 гишүүний 76.3 хувийн саналаар түдгэлзүүлэх саналыг баталгаажуулах санал асуулгыг нээлттэй явуулахаар болов.