Засгийн газрын хуралдаанаар “Оюутолгой” компанийн ТУЗ-ийн гишүүдэд тавигдах шаардлагыг өндөрсгөх асуудлыг хэлэлцэн дэмжжээ. Тус компанийн ТУЗ-ийн гишүүдэд хууль эрх зүй, санхүү, уул уурхайн мэргэжилтэй, гадаад хэлний мэдлэгтэй байх зэрэг шалгуурыг тавих юм байна. Энэ талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ “Оюутолгой” компанийн ТУЗ-ийн гишүүдийн шалгуурыг адилхан болгож байна. Нэгдүгээрт, гүний уурхай, олон улсын банк санхүүч мэргэжилтэй, олон улсын төсөл хөтөлбөр удирдсан, хууль эрх зүйн мэдлэгтэй байх шаардлага тавина. Энэ гурван шалгуурт тэнцсэн хүнийг ажиллуулна. Нэг жилийн хугацаанд ажиллана. Монголын Засгийн газрыг төлөөлж байгаа учраас жил бүр ажлыг нь дүгнэе гэж байгаа юм. Одоо ажиллаж байгаа ТУЗ-ийн гишүүдээс шалгалт авна. Тухайлбал, англи хэлний шалгалт авна. Ажлын хэсгийнхний саналыг Засгийн газарт танилцуулна. Сайдуудаас санал авна. Ингээд олон улсад мөрдөгддөг шаардлагад нийцсэн шалгуураар ТУЗ-ийн гишүүдийг сонгоно. Ажлыг 14 хоногийн хугацаанд зарлах байх” гэлээ. Үргэлжлүүлэн сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Засгийн газраас комисс байгуулсан. Комиссынхон “Оюутолгой” компанийн ТУЗ-ийн гишүүдийн шаардлагыг өндөрсгөхөөс гадна ямар ажил хийж байгаа вэ?
-Монголын талын авах ногдол ашгийг хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдгээ төлөвлөж, хэд хэдэн ажил хийхээр төлөвлөж байгаа. Үүнийг тухай бүрт мэдээлээд явна. Тухайлбал, сар бүр алдаж буй эрчим хүчний урсгалыг дотоодын эдийн засгийн эргэлтэд оруулах талаар ажиллаж байна.
-Уханьд байгаа оюутнуудыг Монголд авчрах ажил юу болж байгаа вэ?
-Монголын талаас хүсэлтээ өгсөн. Гадаад харилцааны яам дүрэм, журам хэлцлийн дагуу ажиллаж байгаа. Одоогийн байдлаар манай улсад энэ халдварын тохиолдол бүртгэгдээгүй. Засгийн газар бүхий арга хэмжээг авч байна. Мөн худал мэдээллийг нягталж, ойлгохыг уриалъя.