Баялгийн өгөөжийг ахмадуудад хүртээж, тэтгэврийн зээлийг тэглэх хуулийн төслийг УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн дэмжлээ.
Хуулийн төслийн талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг танилцуулга хийв. Тэрбээр Салхитын мөнгөний ордын нөөцийг барьцаалан бонд гаргаж, тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэхээр хуульд тусгасныг танилцууллаа.
Хуралдааны үеэр хуулийн төслийн танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Улмаар тус байнгын хорооноос хуулийн төслийг боловсруулсан ажлын хэсгийн ахлагч, ХНХ-ын сайд С.Чинзориг сайдад хэд хэдэн чиглэл өгөв. Тухайлбал, ахмадуудын зээлийн хэмжээнд хязгаар тогтоож, зургаан сая хүртэлх төгрөгийн зээлийг тэглэх чиглэл өглөө. Мөн тэтгэврийн зээлийг зогсоох санал оруулсан учраас гурван сараар тэтгэврийн урьдчилгаа авах зохицуулалтыг хуулийн төсөлтэй хамт хэлэлцэх чиглэл өгөв.
Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.
Манай улсад тэтгэврийн зээлтэй 230 мянга гаруй ахмад бий. Үүнээс:
- Нэг сая хүртэлх төгрөгийн тэтгэврийн зээлтэй-45.375 ахмад,
- 1-3 сая хүртэлх төгрөгийн тэтгэврийн зээлтэй -67.872 ахмад,
- 3-5 сая хүртэлх төгрөгийн тэтгэврийн зээлтэй -71.529 ахмад,
- 5-10 сая хүртэлх төгрөгийн тэтгэврийн зээлтэй-38.906 ахмад.
- 10-16 сая хүртэлх төгрөгийн тэтгэврийн зээлтэй-4927 ахмад байна.