НӨАТ-ын буцаан олголтын хувь хэмжээг нэмж, 70 хувь болгох хуулийн төслийг УИХ-ын гишүүн А.Оюундарь, С.Бямбацогт нарын нэр бүхий гишүүд өргөн барьсан. Мөн тус хуулийн төсөлд буцаан олголтыг улирал тутамд олгох санал тусчээ. Харин Сангийн сайд Ч.Хүрэлбаатар энэ хуулийг хэрэгжүүлэх боломжгүй, сонгуулийн шоу хийж байна хэмээн байр сууриа илэрхийллээ.
-НӨАТ-ын буцаан олголтыг нэмэх хуулийн төслийг өргөн барьсан. Нэмэх боломж төсөвт байгаа юу?
-Сангийн яамнаас явуулж байгаа бодлогоо би хэлье. Засгийн газар ирээдүйд эдийн засгийн бодлогыг зөв оновчтой явуулахын тулд Татварын багц хуулийг санаачилж батлуулсан. Ингэхдээ аж ахуйн нэгжүүдэд татварын дарамтыг бууруулах, иргэдийн амьжиргааг дэмжих өөрчлөлтүүдийг хийсэн. Энэ хууль хэрэгжиж эхлэхэд бэлэн болсон. Дагалдах 40 гаруй журмыг батлуулсан. Засгийн газар нэлээд урт хугацаанд судалж байгаад татварын бодлогоо батлуулсан. Сонгууль дөхөж байна, бизнес эрхэлдэг Их хурлын гишүүд их ч байдаг юм байна. Тэдний зүгээс ийм асуудал тавьж байна гэж ойлгож байгаа.
-Хууль батлагдвал хэрэгжүүлэх боломжгүй юм уу. Сонгуулийн шоу болоод үлдэх вий гэсэн болгоомжлол байна?
-Угаасаа л НӨАТ-ын буцаан олголтыг нэмнэ гэдэг чинь сонгуулийн шоу шүү дээ. Энэ бол ганц Монголд биш дэлхий даяар л гарч байсан шоу. Энийгээ шоу хийж байгаа хүмүүсээсээ очиж асуух хэрэгтэй.