Нийслэлийн ИТХ-ын дарга асан Ц.Сандуй, МАН-ын гишүүн асан А.Ганбаатар нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан өнөөдөр боллоо. Шүүх хуралдаанаар анхан шатны шүүхийг хуулийн хэрэглээний хувьд алдаатай, хуулийн зүйл заалтыг буруу тайлбарласан байна гэж үзээд хэргийг прокурорт буцаажээ. Ингэснээр анхан шатны шүүхээс Ц.Сандуй, А.Ганбаатар нарт оноосон дөрвөн жилийн хорих ял хүчингүй болов. Гэхдээ хэрэг эцэслэн шийдэгдээгүй бөгөөд прокурорт эл асуудлыг хэлэлцсэний дараа дахин шүүхэд шилжүүлэх эсэх нь тодорхой болох юм. Үүнээс гадна энэ хэрэгтэй холбоотойгоор Г.Доржзодовыг ялаас чөлөөлжээ.
Хэргийг эргэн сануулахад, Нийслэлийн прокурорын газраас А.Ганбаатар, Ц.Сандуй нарт холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82.1 дэх хэсгийн “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах” заалтаар буруутган эрүүгийн хэрэг үүсгэсэн юм. Улмаар анхан шатны шүүхээс тэднийг гэм буруутайд тооцон дөрвөн жил нээлттэй хорих ангид ял эдлүүлэх шийдвэр гаргаад байв.
0
0
0
0
0
0