УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас хамаарал бүхий этгээдэд зээл авч өгсөн байж болзошгүй хэмээн үзэж, АТГ-аас шалгаж байгаа. Тэгвэл өнөөдөр түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг АТГ-аас гаргасан гэдэг мэдээлэл хэвлэлээр гарсан юм.
Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаяраас тодруулахад, “Хэвлэлээр тийм мэдээлэл явж байгааг харсан. Одоогоор надад тийм хүсэлт ирээгүй байна” гэсэн юм. Мөн тэрбээр, өнгөрсөн Пүрэв гарагт мэдээлэл хийхдээ, "АТГ-ын мөрдөгч комиссар Б.Тэмүүжингийн шалгаж байгаа эрүүгийн хэрэгт намайг яллагдагчаар татаж байгаа тухай тогтоолыг өнгөрсөн арваннэгдүгээр сарын 22-нд АТГ-ын комиссар Нямдагва танилцуулсан. Би энэхүү тогтоолтой танилцаад хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгдэж, тайлбар баримтуудыг прокурорт өгөхөө мэдэгдсэн. Яллагдагчаар татсан тогтоолтой танилцаад намайг яллагдагчаар татсан дөрвөн үндэслэл байгааг олж мэдлээ" гэсэн юм.