Засгийн газар өнгөрсөн наймдугаар сард шийдвэр гаргаж ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх ажлын хэсэг байгуулсан. Энэхүү ажлын хэсгийн дүгнэлтийг Засгийн газар өнөөдрийн хуралдаанаараа хэлэлцэх тодорхой шийдвэрүүд гаргажээ. Энэ талаар Шадар сайд Ө.Энхтүвшин мэдээлэл хийлээ.
Тэрээр "Өнөөдрийн байдлаар Монгол Улсад хайгуулын болон ашиглалтын 2889 тусгай зөвшөөрөл байна. Үүний 2225 нь хайгуулынх, үлдэж байгаа 1664 нь ашиглалтын тусгай зөвшөөрөл. Ашиглалтын тусгай зөвшөөрлийн 566 нь алтных,329 нь барилгын материалынх, 296 нь нүүрснийх 1986 нь шоншных, 77 нь төмрийнх байна. Үлдэж байгаа нь давс, цагаан тугалаг, хомилог металл, газрын ховор элемент гэх мэт ашигт малтмалынх. Ажлын хэсэг бүх тусгай зөвшөөрлийг шалгасан. Ингээд бүх тусгай зөвшөөрлүүдийн мэдээллийн нэгдсэн санг бий болгохоор боллоо. Үүнийхээ дагуу зөрчилтэй аж ахуйн нэгжүүдэд зөрчлөө арилгах хугацаатай үүрэг өгнө. Хэрэв тэр хугацаанд зөрчлөө арилгахгүй бол тусгай зөвшөөрлийг нь шууд цуцална.
Мөн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийг хүчингүй болгох тухай хуулийн төслийг яаралтай оруулж ирэхийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарт үүрэгт болголоо. Гэхдээ элс, хайрга, шавар гэх мэт түгээмэл тархацтай ашигт малтмалын олборлолтыг зогсоохгүй.
Түүнчлэн ашигт малтмалын салбарт бий болсон замбараагүй байдлыг цэгцлэх үүднээс хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ажлыг түр түдгэлзүүлэх шийдвэр гаргалаа. Ойролцоогоор жилийн хугацаанд түдгэлзүүлэх байх" гэлээ.