МАН: Олон мандаттай, томсгосон мажоритар тогтолцоог сонголоо

МАН: Олон мандаттай, томсгосон мажоритар тогтолцоог сонголоо


5 жил

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ. МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, ирэх оны сонгуулийг 26 тойрогтой томсгосон мажоритар тогтолцоогоор явуулахыг дэмжсэн юм. Удирдах зөвлөлийн саналыг МАН-ын бүлгийн хурлаар дэмжжээ. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Бүлэг хуралдаж, сонгуулийн тогтолцоотой холбоотой асуудлаар эцсийн шийдвэрээ гаргалаа. Л.Энх-Амгалан нарын гишүүд 50+26 хувилбарыг өргөн барьсан. 50 гишүүн нь жижиг тойргоос 26 гишүүн нь улс нэг тойргоос сонгогдох хуулийн төслийг өргөн барьсан. Намын Удирдах зөвлөл, намын бүлэг хуралдаж, өргөн барьсан төслийг хоёр талаар учир  дутагдалтай байна гэж үзсэн. Нэгдүгээрт, Үндсэн хууль болон бусад хуультай зөрчилдөх байдал үүсч болзошгүй. Хоёрдугаарт, иргэд сонгогчдын зүгээс намын ард нуугдсан систем байна гэдэг шүүмжлэл гаргаж байна. Тиймээс намын бүлэг 50+26 хувилбарыг больё гэж шийдлээ. Харин 1992, 2008, 2012 онуудад сонгууль явуулж байсан олон мандаттай томсгосон тойрогтой мажоритар тогтолцоог сонгож байна. Энэ тогтолцоог сонгуулийн хуульд тусгахыг бүлгийн гишүүд 100 хувь дэмжсэн. Маргааш, нөгөөдөр хэлэлцэх хуулийн төсөлд энэ хувилбарыг тусгахаар боллоо. Энэ долоо хоногтоо багтаад сонгуулийн хуулийг батална гэж тооцсон” гэв.

Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн Я.Содбаатар “Сонгуулийн хууль бол сонгогчдын эрх ашгийг гол нь анхаарах ёстой. Сонгогчдын санал гээгдэхгүй байх ёстой. Тиймээс сонгогчдын эрх ашгаас харвал аль нэг улс төрийн хүчин, шинэ залуу гишүүнд ашигтай, ашиггүй гэж ярьж болохгүй. Иргэний сонгох, сонгогдох эрхийг хангах нь чухал” гэлээ.

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү