АН-ын дарга С.Эрдэнэ дэд дарга Р.Амаржаргал Дэд дарга Б.Дэлгэрмаа тэргүүтэй намын удирдах хүмүүсийн бүрэлдэхүүн БНХАУ-ын коммунист намын урилгаар тус улсад ажлын айлчлал хийлээ. Энэ онд Монгол Улс БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилйин ой тохойсон онцгой жил байлаа. Албаны төлөөлөгчдийг Хятадын коммунист намын Төв Хурлын Улс төрийн товчооны гишүүн, Бүх хятадын Ардын төлөөлөгчдийн Их хурлын байнгын хороон дэд дарга Ван Чэнь хүлээн авч уулзлаа.. АН-ын дарга С.Эрдэнэ: БНХАУ-ын зүгээс хөрш орнуудтайгаа харилцах харилцаанд онцгой ач холбогдол өгч, найрсаг дотно, чин сэтгэлээсээ, нээлттэй, хүртээмжтэй хандаж, хамтын ажиллагааны үр ашгийг хуваалцах бодлого баримталж буй нь хоёр талын харилцааг илүү өргөн хүрээнд хөгжүүлэх боломж олгож байна. БНХАУ-тай тогтоосон сайн хөршийн найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл бөгөөд энэхүү зарчмын байр суурийг Монголын улс төрийн бүх хүчнүүд нэгдмэл байдлаар залгамжлан хэрэгжүүлж, агуулгыг нь баяжуулж ирснийг энд онцлон тэмдэглэхэд таатай байна. Сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаа бүхий л салбарт амжилттай өргөжин хөгжиж байгаад миний бие ихээхэн сэтгэл хангалуун байдаг. Ялангуяа манай нам засгийн эрхэнд байх үед хоёр улсын харилцааны түвшинг шат ахиулан Иж бүрэн стратегийн түншлэлийн хэмжээнд хүргэхийн зэрэгцээ ихээхэн хэмжээний хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн асуудлууд шийдэгдэж, тэдгээр нь манай эдийн засгийн хөгжилд чухал нэмэр болж байгааг энд онцлон тэмдэглэе. Бие биеийн язгуур эрх ашгийг харилцан хүндэтгэж, улс төрийн итгэлцлийг байнга бэхжүүлэх нь манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны суурь зарчим юм. Энэ чухал үйл хэрэгт намууд хоорондын харилцаа, хамтын ажиллагаа нэн чухал ач холбогдолтой байдаг билээ. Ийм учраас ХКН-ын урилгаар БНХАУ-д хийж буй манай намын төлөөлөгчдийн энэ удаагийн айлчлал хоёр орны ард түмний харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулах нь дамжиггүй. Намайг болон манай намын төлөөлөгчдийг албан ёсоор урьж халуун дотноор хүлээн авч байгаад намынхаа олон мянган гишүүдийн өмнөөс гүн талархлаа илэрхийлье гэв. Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Их хурлын байнгын хорооны дэд дарга Ван Чэнь төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд баяр хүргээд Ардчиллын замыг амжилттай хэрэгжүүлж буй Монгол улсаас суралцах зүйл их. Манай 2 орны харилцаа түүхэнд байгаагаагүй таатай үедээ хөгжиж байгаад хоёр талын тэр дундаа АН-ын хүчин чармайлтыг өндөрөөр үнэлж байгаагаа илэрхийллээ. Тус айлчлалын хүрээнд АН-ын дарга С.эрдэнэ болон төлөөлөгчдийг ХКН-ын ТХ гадаад харилцааны дэд сайд Ван Яжун хүндэтгэн хүлээн авч уулзав. АН-ын дарга С.Эрдэнэ ХКН-ын 19 удаагийн төв Хорооны 4р бүгд хуралд оролцож үг
хэлэв.