УИХ-ын дөрвөн байнгын хороо өнөөдөр Төрийн ордонд хуралдаж, энэ долоо хоногт чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ.
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагт эхэлж, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Генетик нөөцийн тухай хуулийн төслийг хэлэлцэхээс гадна Байгаль орчны төлөв байдлын 2017-2018 оны тайланг сонсоно.
Харин 11.00 цагт Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдаж, Инновацийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэхээр товложээ.
Үдээс хойш буюу 14.00 цагт УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдах бөгөөд “Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль бий болгох тухай” тогтоолын төсөл, Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Төсвийн байнгын хороо 14.30 цагт хуралдаж, “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх юм.