Монгол Улсын Засгийн газрын 2009 онд Оюутолгой компанитай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний зарим үүрэг биелэгдээгүй асуудлаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байдаг.
Харин энэ хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, прокурорт шилжсэн байна. Яллах дүгнэлт үйлдэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн хэргийг хянан үзээд тун удахгүй шүүхийн шатанд шилжүүлэх юм.
Тодруулбал, Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээ, Дубайн гэрээг батлахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгон улсад их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй хэргээр Монгол улсын Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг АТГ-аас шалгаж байгаа билээ.
Тэдэнтэй хамт УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан С.Баярцогт, Татварын ерөнхий газрын дарга асан Б.Ариунсан, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан нарыг шалгаж буй юм.