Монгол улсын их хурлын даргын мэндчилгээ

Монгол улсын их хурлын даргын мэндчилгээ


5 жил

Эрхэм хүндэт иргэд ээ,

Үе үеийн парламентчид, парламентын Тамгын газрын ажилтнууд аа,

Та бүхэндээ Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсан өдрийн чин сэтгэлийн халуун мэндчилгээг өргөн дэвшүүлье.

Өчигдөргүй өнөөдөр, өнөөдөргүй маргааш гэж үгүй. Хууль тогтоох, төлөөлөх шинжийг хослуулсан байнгын ажиллагаатай парламентат ёсыг шинжлэх ухааны чухал нээлт гэж үздэг бөгөөд манай үе үеийн парламентууд өөр өөрийн үүх түүхийг бүтээсээр ирсэн.

Өдгөө Монгол Улсын Их Хурал сургамж, туршлагаа цэгнэж, сайныг уламжлан саарыг засаж, улс гэр, иргэн түмнийхээ ирээдүйн зам мөрийг цэгцлэн тэгшлэх зорилгоор сүүлийн гурван парламент дамжин яригдсан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг нийгмийн өргөн хүрээний зөвшилцлийг ханган, хуулийн дагуу боловсруулан хэлэлцэж, бэлэн болгосон төслөө ард түмнээсээ асуухаар шийдвэрлэсэн цаг үетэй энэ удаагийн Парламентын өдөр давхцаж байна. 

Энэхүү 

Хүний эрх, эрх чөлөөг дээдэлж, хүнлэг энэрэнгүй нийгэм байгуулах ардчилсан Үндсэн хуулийнхаа эрхэм зорилгыг хэрэгжүүлэхээр хичээн зүтгэсэн өнгөрсөн 29 жилд амжилт ололт арвин, алдаа гажуудал ч багагүй байлаа.

Төрийн эрх мэдэл хуваарилалтын харилцан тэнцэл хангалтгүй, засаглалын хариуцлага, тогтвортой байдал, хяналт сул, баялгийн хуваарилалт тэгш бус, хууль тогтоомж явцуу бүлэглэл, эрх мэдэлтэнд үйлчилдэг болж, шударга ёс алдагдсанаар иргэдийн төрдөө, ирээдүйдээ итгэх итгэл алдарч, улмаар ядуурал, авлига ужгирсан нь хүн бүхэнд тодорхой байна.

Парламентын засаглалтай улс орны хувьд Монгол Улсын Их Хурал эдгээр алдаа, гажуудлыг засах онцгой үүрэг хүлээж буйгаа ухамсарлаж, хууль батлах босгыг өндөрсгөх, УИХ-ын эрх мэдлийг багасгаж, хариуцлагыг чангатгах, “давхар дээл”-ийг хязгаарлах, мэргэжлийн Засгийн газар байгуулах боломжийг Ерөнхий сайдад олгох, өргөсөн тангаргаа зөрчсөн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татаж хариуцлага тооцох, шүүх, шүүгчдийн хараат бус байдлыг хангах, байгалийн баялгийн үр өгөөжийг иргэддээ шударга, тэгш хүртээх, орон нутгийн эдийн засгийн бие даасан байдлыг хангах зэрэг томоохон өөрчлөлтийг араасаа дагуулах шинэтгэлийн шинж чанартай олон суурь зохицуулалтыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгаад байна.

Эрхэм иргэд ээ,

Хүний эрх, эрх чөлөө, эв нэгдэл, үндэсний язгуур эрх ашгийг дээдэлсэн хуулийг тогтоож, хэлбэрэлтгүй сахиулж чаддаг парламентат ёсонд суурилсан ардчилсан төрийн тогтолцоог бэхжүүлэх нь үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолыг бүрнээ хангах үндсэн дархлаа мөн билээ.

Тиймээс парламентын бүгд найрамдах улсын тогтолцоогоо төгөлдөршүүлж, төрийг удирдах үйл хэрэгт оролцох эрхээ идэвхтэй ашиглахыг Та бүхнээсээ хүсье.

Цэгцлэх цаг ирж, цэгцрэх хөдөлгөөн эрчээ авч байна. Шийдэл, төсөл бэлэн боллоо. Цэгцрэх хөдөлгөөнийг түшин дэмжих нь Монголын төлөө гэсэн цохилох зүрхтэй хүн бүхний журамт үүрэг, нэр төрийн хэрэг мөн.

            Мөнх тэнгэрээс заяат монгол түмэн минь амар амгалан, аз жаргалтай, төр улс маань түвшин тогтвортой, хөгжил дэвшил өрнүүн дэлгэр байх болтугай.

      

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА ГОМБОЖАВЫН ЗАНДАНШАТАР

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү