УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлаар хуралдахаар товлосон. Хурал 11.00 цагаас товлогджээ. Тэд өнгөрсөн долоо хоногт өдөр бүр энэ асуудлыг хэлэлцсэн ч шийдэлд хүрч чадахгүй өдийг хүрсэн. Тус намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн өнгөрсөн баасан гаригт бүлгийн хурлаар ямар асуудал хэлэлцэж яагаад шийдэл хүрэхгүй байгаагаа тайлбарласан. Тэрбээр “Ард нийтийн санал асуулга явуулах тухай, гишүүдийн тоо нэмэгдүүлэх, УИХ-ын бүрэн эрхийн хугацааг нэмэгдүүлэх, сонгуулийн тогтолцоог өөрчлөх асуудлууд дээр Ерөнхийлөгч болон АН-тай зөвшилцөж ойлголцох хэрэгтэй байна. Үндсэн хууль бол зөвшилцлийн баримт бичиг. Түүнээс нэг нам Үндсэн хуулийг дангаараа баталж болохгүй гэсэн байр суурьтай байгаа.
Манай бүлгийн гишүүд 108 гишүүнтэй болно гэдгийг хүлээж авахгүй гэдгээ илэрхийлсэн. Хэт олон байна. Гол нь ард түмэн дэмжихгүй. Өчигдрийн цаасаар авсан санал асуулга нь үргэлжилж зөвшилцөж явах уу гэдэг санал авсан. Бүлгийн гишүүд зөвшилцөх нь зөв гэж үзсэн учраас зөвшилцөл үргэлжлээд явж байна. Сонгуулийн тогтолцооны асуудлаар манай гишүүд ярилцаж байгаа. Эцсийн шийд гаргаагүй байна.” гэсэн юм.