УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан болж байна.УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Протокол соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Эрдэнэт ТӨҮГ-ын захирал Х.Бадамсүрэнгээс 49 болон 51 хувийн асуудлыг асуусан бөгөөд энэ үеэрээ Эрдэнэттэй холбоотой 40 сая америк доллар нохойн замаар орлоо гэж бодоод байгаа талаараа ч хэлэв.
Харин Эрдэнэт ТӨҮГ-ын дарга Х.Бадамсүрэн ажилчдын байранд амьдарч байгаа бөгөөд 3 сая төгрөгийн цалин авдаг талаар тайлбарлалаа.
Х.Бадамсүрэн үргэлжлүүлэн “Эрдэнэт үйлдвэрийг барьцаалсан, тэр дундаа 51 хувийг тасдаж барьцаалсан зүйл огт байхгүй. Харин Эрдэнэт үйлдвэр баталгаа гаргаж Жаст ХХК зээл авсан. Тэр үед үйлдвэрийн удирдлагаар ажиллаж байсан хүмүүс баталгаа гаргаагүй, гарын үсэг дуурайлгасан гэдэг асуудал хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа ч гэсэн олон улсын арбитрын шүүх Эрдэнэт үйлдвэрийг 51 сая америк долларыг төлөх ёстой. 115 сая америк доллар болсныг хэлэлцээ хийж ажилласны үндсэн дээр 40 сая америк доллараар хаасан. Энэ мөнгийг буруутай этгээдүүдээр төлүүлэхээр ажиллаж байна” гэв.