УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалангаар ахлуулсан ажлын хэсэг Сонгуулийн тухай хуулинд оруулж буй нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулж дуусаад байна. Тэд 2020 оны сонгуулийг “Монгол улс-Нэг тойрог” гэх системээр явуулах саналыг УИХ дахь МАН-ын бүлэгт өчигдөр танилцууллаа.
Харин МАН-ын бүлэг уг саналыг дэмжив. Монгол улс-Нэг тойрог системээр сонгуулийг зохион байгуулбал нам тус бүр Монгол улсын хэмжээнд 76 хүнийг нэр дэвшүүлэх юм.
Монгол улсыг бүхэлд нь нэг тойрог болгох сонгуулийн системийг УИХ-ын гишүүд дэмжих эсэхээр БАЙР, СУУРИЙГ нь сонслоо.
МАН-ын бүлгийн дарга , УИХ-ын гишүүн Д. Тогтохсүрэн: Жижиг тойрогт нөлөөлөл их орж байна. Ард түмэн хамгийн сайн гэж үзэж байгаа хүнээ сонгох хэрэгтэй гэдэг үүднээс энэ сонгуулийн тогтолцоогоор явбал зүгээр гэж үзсэн. Энэ тогтолцоо өмнө 2008 онд Д. Лүндээжанцан гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг ажиллаж УИХ-д өргөн баригдаж байсан юм билээ. Тухайн үеийн их хурал хэлэлцээд санал тоолоход техникийн нөхцөл хүнд гэж үзээд хэлэлцээгүй байдаг. Засгийн газраас санал аваад ирэх долоо хоногийн сүүлээр хууль өргөн баригдана. Үүний дараа энэ асуудлыг их хурал хэлэлцэнэ. Миний бодлоор хаврын чуулганаар хэлэлцэх асуудлаа шийдэчих байх гэж бодож байна. Бүх тогтолцоо өөрөө эерэг болон сөрөг талтай.
УИХ-ын гишүүн Г. Тэмүүлэн: Зарчмын хувьд бид үндсэн хуулийнхаа үзэл санааг дагах ёстой гэж харж байгаа. УИИ байна уу ИТХ байна уу энэ бол ард түмний төлөөллийг хэрэгжүүлж буй зарчим. Тэгэхээр бид иргэдийн сонголтыг хүндэтгэж сонгодог жижиг тойргийн зарчмаараа явах нь зөв. Улс нэг тойрог бол нам дотроо жагсана. Жишээ нь : Бид залуучууд эмэгтэйчүүдийн дуу хоолой гэж ярьж байгаа энэ цаг үед ямар нэг байдлаар энэ хүмүүс эхний 10,20 –д жагсах боломж бол байхгүй болно. Тэгэхээр энэ бол зарчмын хувьд байж болохгүй асуудал.
УИХ-ын гишүүн М. Оюунчимэг: Монгол улсыг нэг тойрог гэсэн системээр сонгуулийг явуулбал дахиад намын асуудал гарах уу. Нөгөөтэйгүүр УИХ-д ганцхан удаа сонгогдсон шинэ гарсан гишүүдийн боломж хаагдана гэсэн байр, суурийг бүлгийн олон гишүүн илэрхийлсэн. Үүнийг бид бодолцох ёстой. Олон жил УИХ-д сонгогдсон ч ажил хийгээгүй хүн олон байна. Гэтэл нэг удаа сонгогдсон мөртлөө аливаа зүйлд өөрөөр хандаж байгаа мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж буй олон гишүүн бий шүү дээ.
УИХ-ын гишүүн Д. Пүрэвдорж: 20 гаруй нам 76 нэр дэвшигчийг нэр дэвшүүлнэ.Тэндээс нэг хүнийг олж дугуйлна. Иргэд улс төрд шинээр орж ирж буй хүмүүсийг огт танихгүй учраас нэг хүн маш олон санал авна. Үлдсэн нь цөөхөн хүний саналаар УИХ-д сонгогдох байх . Энэ бол ардын намын шийдвэр. Түүнээс УИХ-аар хэлэлцсэн асуудал биш.