УИХ-ын Баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. УИХ-ын дарга Г.Занданшатарыг хэлэлцэх асуудлын дараалал танилцуулсны дараа гишүүд асуулт асууж, санал гаргав.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Төрийн ордонд архидсаны улмаас хүн нас барсан гэдэг мэдээлэл Ерөнхийлөгчид очсон байна. Зүгээр орж ирсэн иргэнийг архиар шахаж амь насанд нь хүрсэн гэдэг ойлголт олон нийтийн дунд байна.
М.Энхболдыг боорлосоор байгаад бид огцруулсан. Тэглээ гээд УИХ-д ямар өөрчлөлт гарав. Монголын ард түмний МАНАН-г зайлуулбал Монгол сайжрана гэсэн. Сайжирсан юм алга. Г.Занданшатар дарга энэ дээр санаачлагатай ажилла.
Хууль, хяналтын байгууллагын удирдлагуудыг шинэчлэх ажил хагас дутуу хийгдсэн. Шүүхийн асуудлыг яагаад одоо болтол шийдэхгүй байгаа юм.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Баасан гарагийн үдээс хойших хуралдаанд Ерөнхий сайдыг оролцуулдаг болмоор байна. Хөдөө орон нутгаар л яваад байдаг. Хотод бол УИХ дарга нь Ерөнхий сайд шиг ажиллаж байна.
Бараг 600 сая төгрөгөөр хурууны хээ уншуулдаг төхөөрөмж тавьсан. Гэсэн ч ирц бүрддэггүй байдал хэвээр байна. Үүнд анхаараач.
УИХ-ын дарга Г.Занданшатар: УИХ 76 гишүүнээс бүрдэнэ гэж хуульд заасан. УИХ-аас нийгэм, улс төрийн байдал хамаарна. Шүүх эрх мэдэл УИХ-аас хамаарахгүй. Ж.Батзандан гишүүний асуулт оновчгүй байна. УИХ хэрхэн ажилласнаас нийгмийн сэтгэл зүй хамаарч байна. Та бүхний үйл ажиллагаанаас парламентийн үйл ажиллагаа шууд хамаана. Төрийн ажилд хандахдаа хувийн ааш аягаараа хандаж болохгүй. Тиймээс үг хэлэх гэж байгаа гишүүд хариуцлагатай бай. Гишүүд хариуцлага, сахилгагүй байвал УИХ өөрөө тарах асуудлыг тавьж болно. Хэн нэгний шахалтгүйгээр.
Ийнхүү гишүүд үг хэлж, санал гаргасны дараа Б.Баттөмөр гишүүний гаргасан саналын дагуу чуулганы үдээс хойших хуралдаанаар хэлэлцэгдэх байсан нэр бүхий гишүүдийн Ерөнхий сайдад тавьсан “Тогтвортой хөгжлийн зорилт-2030” урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн явц, цаашид авах арга хэмжээний талаарх асуулгын хариуг хойшлуулахаар болов.
Ийнхүү чуулганы хуралдаан хэлэлцэх асуудалдаа орж, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж байна.