МАН-ын Хяналтын хорооноос УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирт таван жилийн хугацаатайгаар тус намаас улс төрийн дэмжлэг үзүүлэхээс тус тус татгалзаж ажиллахыг намын дүрмийн дагуу МАН-ын удирдлагуудад чиглэл болгосон.
Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Дамба-Очироос байр суурийг тодрууллаа.
-Хяналтын хорооноос гаргасан шийдвэрийн талаар ямар байр суурьтай байна вэ?
-Би хэвлэлийнхэнтэй адил мэдээлэлтэй байна. Надад албан ёсны шийдвэр өгөөгүй. Харин ТЕГ-аас надад хууль зөрчөөгүй гэсэн бичиг ирсэн. Оюу толгойтой холбоотой өгөх ёсгүй бичгийг өгсөн гэж нам дээр ярьж байгаа юм байна. Өгөх өгөхгүй нь УИХ-ын байнгын хорооны асуудал. Энэ нам коммунист нам болчихсон юм уу. УИХ-ын хийж байгаа ажилд оролцдог болчихсон юм уу?
МАН-ын Хяналтын хорооны дарга биднийг намаасаа хөөдөг болсон юм уу. Нэртэйгээр нь УИХ-ын гишүүнээс нь хөөчих хэрэгтэй. Тойргийг минь булааж авах гэж байгаа бол авцгаа. Би УИХ-ын даргад хэллээ, өөрөө ч мэдэж байгаа. УИХ-ын дарга байнгын хорооны явуулж байгаа үйл ажиллагааг хамгаалах үүрэгтэй. Албан ёсны хүсэлтэд албан ёсны л хариу өгсөн. Үүнийг далимдуулаад намын нэр хүндэд халдсан гээд намаас нь хөөх юм байна л даа.
Би энэ намд 1986 онд элсэж өнөөдрийг хүртэл энэ намтай цуг байна. Энэ хүмүүсийг байхгүй байхад би энэ намд байсан.
-Таны тойргийг хэн булаах гээд байгаа юм бэ?
-Бүү мэд. Хяналтын хорооны шийдвэрийг эргэж харах байлгүй дээ. Ийм дураараа байж болохгүй.
-Таныг Оюу толгойн эрх ашгийг хамгаалсан гээд байгаа шүү дээ.
-УИХ-ын гишүүдэд өгөөгүй байж Оюу толгойн эрх ашгийг хамгаалсан гээд байгаа юм. Юу гэж тийм зүйл байх вэ. Аль хоёрдугаар сарын 2-нд бүх гишүүдэд энэ мэдээллийг өгсөн. Буруу зөрүү юм яриад л, ингэж болохгүй. Бүх гишүүдэд материалыг өгсөн. Унших эсэх нь өөрсдийнх нь асуудал. Тавантолгой, Эрдэнэт шалгасан материал дээр байгууллага нь хүсэль гаргавал түүнийх нь дагуу дүгнэлт гаргаж өгөөд тайлбар авдаг. Энэ дагуу л явсан.
-Хяналтын хорооны шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн үг үү.
-Тэгэлгүй яах вэ.