Ардчилсан намын Үзэл баримтлалыг сурталчлах үндэсний аян Дорнод аймагт үргэлжилж байна.
Ардчилсан нам Үзэл баримтлал, үнэт зүйлээ тодотгосон нь монголын улс төрд шинэ соёлыг авчирсан хувьсал болсныг Дорнод аймгийнхан хэлж байна. Аяны хүрээнд Ардчилсан намын ҮБХ-ны гишүүд сургалт зохион байгуулж, Үзэл баримтлалын суурь зарчмуудын талаар ярилцсан юм.
Уул уурхайн зохисгүй ашиглалтаас үүдсэн байгаль экологийн асуудал Дорнодчуудын өмнө тулгамджээ. Дорнод аймгийн хэмжээнд нийт 15 мянган га газар уул уурхайн компаниудаас болж сүйдсэн гэв. Мөн ашиглалтын болон хайгуулын лицензийг ихээр олгож байгааг иргэд эсэргүүцэж байна. Зөвхөн Баяндун суманд гэхэд л хайгуулын болон ашиглалтын 60 лиценз байгаа төдийгүй Хятадууд хилийн зурваст газар нутгийг сүйтгэж байгааг иргэд хэлж байна. Дорнод аймагт БНХАУ-ын иргэд хууль бусаар олноороо ажиллаж, амьдрах болжээ. Сэргэлэн суманд орших улсын тусгай хамгаалалттай бүсэд хятад иргэн газар эзэмшиж, монголчуудаар малаа маллуулж байгааг нутгийн иргэд хэлж байна.
Түүнчлэн хот төлөвлөлт, ажилгүйдэл, архидалт, төрийн байгууллагуудын хүнд суртал, эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмж, хог зэрэг шийдэх асуудал олон байгаа ч аймгийн удирдлагууд хангалтгүй ажиллаж байна гэв.
Мах, шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтөд иргэд дарлуулж байна гэв. Монгол Улсын Засгийн газар гал унтраах, хэлбэр төдий ажиллаж, амлалтаа биелүүлэхгүй байгаад нь ард түмэн сэтгэл дундуур байна. Дорнод аймагт нэг кг махны үнэ 12 мянган төгрөгт хүрсэн бөгөөд ченжүүдэд дийлдсэн унхиагүй төрийн бодлогыг иргэд шүүмжилж байна.