УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан өндөрлөв. Өнөөдрийн хуралдаанаар иргэдэд гурван хувийн хүүтэй, 20 сая хүртэлх төгрөгийн итгэлийн зээл олгох хуулийн төслийг өргөн барих асуудлыг хэлэлцэн дэмжжээ. Мэдээллийн дараа МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
-Хэнтийн нөхөн сонгуульд МАН-ын дарга У.Хүрэлсүх нэр дэвших нь тодорхой болсон гэж мэдээлэл байна. Энэ асуудлыг бүлгээрээ хэлэлцсэн үү?
-УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд хуваарийн дагуу МАН оролцох хүсэлтээ илэрхийлж, СЕХ-ноос батламжаа авсан. Тиймээс хуулийн дагуу энэ сарын 24-28-ны хооронд явагдах нэр дэвшүүлэх ажиллагааны дагуу бид нэр дэвшигчээ тодруулна. Ингэхдээ бага хурлаараа хэлэлцэн шийднэ.
-Гэвч нөхөн сонгуулийн асуудлаар судлаач Д.Ганхуяг Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасан. Тиймээс нөхөн сонгууль хойшлогдож магадгүй нөхцөл байдал үүсээд байгаа юм бишүү?
-Энэ талаар мэдээлэл байхгүй байна. Үндсэн хуулийн цэц хүлээж авсан эсэхээс хамаарна.
-"Оюутолгой"-н ажлын хэсгийн дүгнэлтийг УИХ-аар хэлэлцээгүй байхад гадагшаа өгсөн Д.Дамба-Очир гишүүнд хариуцлага тооцох уу?
-Тэр мэдээлэл нууцын зэрэглэлгүй. Тийм учраас холбогдох материалыг өгч болно.
-Хөөн хэлэлцэх хугацаанаас болоод авлигын болон албан тушаалтнуудын хэрэг боловсон байдлаар өршөөгдөж байна гэх шүүмжлэл байна. МАН-ын бүлэг хуулийг эргэж судлах уу?
-Хөөн хэлэлцэх хугацаатай холбогдуулж Эрүүгийн хууль, Зөрчлийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах чиглэлд Засгийн газар, Хууль зүйн яам ажиллаж байгаа.