Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон нь өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг бичгээр гаргасан тул Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргыг шинээр томилох шаардлагатай болсон. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргыг томилох асуудлыг хэлэлцлээ. Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмонг чөлөөлөх санал 80.4 хувиар дэмжигдлээ. Мөн Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар Л.Өлзийсайханыг томилуулахаар саналыг гишүүдийн олонх дэмжлээ.
Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан
УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд “Ц.Цолмон дарга бол бэлтгэгдсэн хүн. Одоо Монголын төрд ийм боловсон хүчин дахиж олдохгүй. Удаа дараагийн хүсэлтээр өргөдлөө өгсөн гэж бичсэн байна лээ. Мэргэшсэн төрийн алба хаагчдыг өөрчилдөг горимыг өөрчлөх хэрэгтэй. Хуулийн тал дээр чамбай, хууль номтой холбоотой олон ажлыг зохицуулж, хаана ямар алдаа гаргасныг нягталдаг хариуцлагатай албан тушаал” хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн.
Харин Хууль зүйн сайд Ц.Нямдорж “1998-1999 оны үед их сургуулийн шалгалтын комисст орох үед ганц хуруунд өлгөгдөх залуу байсан нь Ц.Цолмон. Сүүлд хэрэг болгон хайж байж олж авсан. Гадаад дотоодын хуулийн талаар судалсан. Хувь хүнийхээ хувьд ч ийм тийм гээд өөлөх юмгүй. Ийм боловсон хүчнийг Монголын төр ашиглаж байх ёстой” гэсэн юм.
УИХ-ын гишүүн М.Энхболд:
-Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон өргөдлөө өгсөн юм байна. Оронд нь Л.Өлзийсайхан дарга нэр дэвшиж байгааг нь дэмжиж байна, сайн ажиллаарай. Би өнөөдрийг хүртэл УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ц.Цолмонгийн талаар хэдэн зүйл хэлье. Ц.Цолмон төрийн захиргааны хууль зүй хариуцсан төв байгууллагад доороос нь эхлэн газрын дарга хүртэл есөн жил мэргэжиж ажилласан. Хууль зүйн салбарт бэлтгэгдсэн, онолын мэдлэг, чадварыг эзэмшсэн, Монголын төрд шат дараалан бэлтгэгдсэн ийм залуу. Ц.Цолмонгийн УИХ-ын Тамгын газарт хийсэн өнгөрсөн хоёр жилийн ажлыг нь энэ цаг мөчид би хэлэх зөв гэж бодож байна. Энэ хүнийг хэн нэгнийг дагаж ажилладаг мэтээр, хэн нэгнийг хар буруугаар боддог шигээ энэ залууг битгий тэгээсэй гэж хүсч байгаа учраас би энэ үгийг хэлье гэж бодлоо. УИХ-ын дарга таны санаачилсан зөвлөлдөх ардчиллын санал асуулга явуулах, энэ хуулийг амьдрал дээр бодит байдалд хэрэгжүүлж ажилласан хүн. Улс орныхоо өнцөг булан бүрээс иргэдийн төлөөллийг авчирч Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн талаар зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулсан хүн нь. Улсын хэмжээнд энэ төслийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулж маш олон үнэтэй саналуудыг хуримтлуулж чадсан хүн. Ц.Цолмон УИХ-ын үйл ажиллагааг хэвийн явуулах тал дээр бүх боломжоо дайчлан ажилласан. Мөн Дэгийн тухай хуулийн хэрэгжилтийг хангаж ажилласан хүн. Нийгмийн асуудалд ч анхаарч ажилласныг хамт олон нь хэлдэг юм билээ. Энэ бүх ажлыг Л.Өлзийсайхан дарга үргэлжлүүлэн авч явж, сайн ажиллаарай гэж хэлэх байна.