УИХ-ын нэгдсэн чуулганы өчигдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар нарын 8 гишүүн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Учрал асуулт асууж, хариулт авсан бол УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Д.Тогтохсүрэн нар боловсролын салбарын томилгоог мэргэжлийн байгууллагаас зохион байгуулж, салбарын мэргэжилтнүүдийг тогтвортой ажиллах, мэргэших, шатлан дэвших нөхцөлийг бүрдүүлэхтэй холбоотой эрх зүйн зохицуулалтыг хийх шаардлага бий гэдгийг хэлжээ.
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны төслийг анхны хэлэлцүүлгээр батлуулах горимын саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүд 58.5 хувийн саналаар дэмжив.
Иймд сум, дүүргийн Засаг дарга тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн удирдлагыг томилж, чөлөөлөх эрх 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжих байсныг хойшлуулж, 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр болгох агуулга бүхий дээрх төслийг батлах санал хураалт явууллаа.
Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 59.5 хувь дэмжсэнээр хуулийн төсөл батлагдав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.