Г. Занданшатар: Ийм хариуцлагагүй юм хийчихээд Ц.Цолмон дарга чинь хааччихсан юм

Г. Занданшатар: Ийм хариуцлагагүй юм хийчихээд Ц.Цолмон дарга чинь хааччихсан юм


6 жил

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны эхэнд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Л.Болд нар С.Зоригийг хөнөөсөн хэрэгтэй холбоотой “Түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцэх асуудалд нэмэх санал гаргалаа.

Санал гаргасны дагуу санал хураалт явуулахаар болсон ч гурван удаагийн оролдлогоор хурууны хээ унших төхөөрөмж болохгүй байгаа талаар гишүүд шаагилдаж эхлэв.

Санал хураалтад гурван удаа татгалзсан гишүүдийн тоо өндөр гарсан юм. Татгалзсан гишүүд олон байсан уу эсвэл хурууны хээ уншихгүй байсан уу УИХ-ын дарга Г.Занданшатар “Миний хурууны хээг ч уншихгүй байна. УИХ-ын Тамгын газрын технологи хариуцсан ажилтнууд яаралтай засварлана уу. Тестээр нэг санал хураалт хийе” хэмээсэн юм.

Үүнийхээ дараа УИХ-ын Тамгын газрынхан чуулганы ажиллах нөхцөлийг бүрдүүлж, техникийн сааталгүй болгох ажлаа хий, хийж чадахгүй бол ажлаа өгцгөө хэмээн бухимдав.

УИХ-ын дарга Г.Занданшатар "Ямар учиртай юм авсан юм бэ. Болохгүй юм. УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Цолмон үүнээс болж огцорвол таарна. Бүгд "Yes" дарна шүү. Зарим нь дарахгүй байна. Ийм хариуцлагагүй юм хийчихээд Ц.Цолмон дарга чинь хааччихсан юм. Чуулганы санал хураалт явуулах нөхцөл бүрдэхгүй болчихлоо. Амгалан дарга тайлбараа өг. Яах юм. УИХ-ын чуулган цаг саатлаа. Одоо яах юм" гэв. 

Харин үүний хариуд УИХ-ын Тамгын газраас "Программ техникт асуудал байхгүй. Хурууны төхөөрөмжөөр ирц бүртгүүлэхэд болсон бол санал хураахад ч асуудалгүй. Хуруугаа яаж уншуулж байна гэдгээс л шалтгаалж байгаа байх. Дэгийн тухай хуулиар гар өргөж санал хураалт явуулах боломжтой" гэлээ.

УИХ-ын гишүүдийн хариуцлагагүй байдлаас болж, бусдын өмнөөс картыг нь шургуулж, ирц бүрдүүлж, бусдын кнопыг дарж санал өгдөг ёс зүйгүй байдлаас болж технологиор асуудлыг шийдвэрлэхийн тулд 600 сая төгрөгөөр энэхүү ажлыг хийсэн.

Гэвч шинэ технологид саатал гарав уу, кноп дарж мэргэшсэн гишүүд хурууны хээний учрыг нь олсонгүй юу ямартай ч өнөөдрийн чуулганы хуралдааны эхний санал хураалтад “асуудал” үүсч, 20 орчим минут саатлаа.  

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү