УИХ-ын чуулганы энэ долоо хоногийн нэгдсэн хуралдаанаар 11 хууль, тогтоолын төсөл хэлэлцэхээр төлөвлөсөн байна.
Хэлэлцэх асуудлын жагсаалтад Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай, Боловсролын тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл багтжээ. Мөн Дэлхийн шуудан холбооны дүрмийн есдүгээр нэмэлт протоколыг соёрхон батлах тухай, Өмгөөллийн тухай, Нотариатын тухай, Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай, Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.
Түүнчлэн “Төрөөс төмөр замын тээврийн талаар Улсын Их Хурлын баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” 2014 оны 64 дүгээр тогтоолд нэмэлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ. Мөн хуралдаанаар УИХ-ын гишүүн Х.Болорчулуунаас Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан “Төрөөс дээд боловсролын салбарт баримтлах бодлогын талаар” асуулгын хариуг сонсоно. УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийн дагуу Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг баасан гарагийн үдээс хойш буюу 15.00 цагт сонсох юм.