Х.Баделхан: Түрээсийн орон сууцыг өмчилж авах боломжтой

Х.Баделхан: Түрээсийн орон сууцыг өмчилж авах боломжтой


6 жил

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Түрээсийн орон сууц өмчлүүлэх журмыг баталсан байна. Энэ талаар БХБ-ын сайд Х.Баделхан танилцууллаа. 

Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан “Иргэдээс ирсэн санал хүсэлтийн дагуу асуудлыг судалсны үндсэн дээр "Түрээсийн орон сууц өмчлүүлэх" журмыг батлаад байна. Орон сууц түрээслэгч иргэд тухайн түрээслэгч байгууллагад хүсэлт гаргаж хоёр нөхцөл хангаснаар өмчилж авч болно.

  • Байрны төлбөрийн 30 хувийг төлснөөр ипотекийн зээлд хамрагдаж болно.
  • Төлбөрийн чадвартай бол таван жилийн дотор байгууллагатай тохирсны үндсэн дээр сар бүр төлбөр төлөх зарчмаар худалдан авч болно.

Журам өнөөдрөөс эхлэн хэрэгжинэ. ТОСК-ийн зээлд хамрагдсан иргэд ч мөн энэхүү журмын дагуу орон сууцаа хувьчилж авч болно. Өнгөрсөн хугацаанд төлсөн түрээсийн төлбөрийг тооцохгүй.

Байр олгож буй байгууллагатай харилцан тохиролцсоны үндсэн дээр гурав эсвэл таван жилийн хугацаанд 30 хувийг төлж барагдуулах зэргээр энэ асуудлыг шийдвэрлэж байна.

Одоогоор хувьчлах боломжтой 1,512 айлын түрээсийн орон сууц байна. Өөрөөр хэлбэл, энэ 1,512 айл түрээсийн орон сууцаа хувьчилж авах боломжтой болж байна.

Ипотекийн зээлийн эх үүсвэрийн 4 хувийг нэг хувь болгон бууруулах тал дээр ажиллаж байна. Ингэснээр зээлийн эх үүсвэр хоёр дахин нэмэгдэх боломжтой. Өнөөдрийн байдлаар улсын төсвөөс олгож байгаа зээлийн эх үүсвэрийг 1 хувиар олгоод бууруулж байгаа ч Монголбанк үүнийг хэрэгжүүлэхгүй байгаа. Үүнийг өнөөдрийн Засгийн Газрын хуралдаанд танилцуулсан. 

Энэ онд Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг Монголбанк хариуцаж байгаа бол ирэх жил Засгийн газар өөрөө хариуцаад явна гэдгийн гэрээнд тусгасан.

Гаднын зээл тусламжаар түрээсийн орон сууцыг нэмэгдүүлж болно. Тухайлбал, БНХАУ-ын буцалтгүй тусламжаар Дэнжийн 1000-д 1,008 айлын орон сууц баригдаж байна. Боломжтой бол бид ирэх сонгуулиас өмнө тус байрыг ашиглалтад оруулна.

Түрээсийн байраа өмчлөх хүсэлтэй иргэд хүсэлтээ ТОСК-т хүргүүлж, гэрээ байгуулна." гэлээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү