Багш нарын VII их хурлын талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг болон их, дээд, ЕБС-ийн багш нарын төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийж байна. Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Багш нарын VII их хурал”-ыг зохион байгуулах шийдвэр гарч, яамнаас ажлын хэсэг гараад ажиллаж байгаа аж. Тус VII их хурал дөрөвдүгээр сарын 11, 12-нд зохион байгуулагдана. Энэ удаагийн хуралд бүх сум, аймгийн төв, нийслэлээс 800 гаруй төлөөлөгч оролцох юм байна.
“Хурлаар багш нарын хөдөлмөрийн нөхцөл, ажлын ачааллыг бууруулах сэдэв болгон ярилцаж, шийдлүүд гаргах аж. Түүнчлэн багш нарын хөдөлмөрийн үнэлэмж, урамшууллын асуудлыг ярина. Багшийн хөгжлийн асуудал буюу их, дээд сургуулиудын багш нарын мэдлэг чадварын асуудал нэлээд яригдана” гэв.
Энэ үеэр БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Ерөнхий боловсролын сургуульд хүүхэд элсүүлэхдээ уралдаан зохион байгуулж, мөнгө хураах асуудлыг зогсооно гэдгээ илэрхийлэв. Энэ тухай тэрээр хэлэхдээ, “Ерөнхий боловсролын сургуулиудыг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр зургаан нас хүрсэн хүүхдийг нэгдүгээр ангид уралдаан шалгаруулалтгүйгээр элсүүлэх шийдвэр гаргасан. Сүүлийн үед хувийн өмчийн сургуулиуд нэгдүгээр ангид хүүхэд элсүүлэх нэрийдлээр нэг хүүхдээс 40-50 мянган төгрөгийн хураамж авч, шалгалт авдаг. Эцэст нь эцэг эхчүүдэд чирэгдэл учруулж, дараалал үүсгэчихээд цөөхөн хэдхэн хүүхэд элсүүлдэг. Энэ нь нэг талдаа бизнес. 1000 хүүхэд бүртгэж мөнгө хураачхаад тавиас жаран хүүхэд авдаг. Зарим сургуулиуд хандив авч оруулдаг. Энэ асуудлыг цэгцэлнэ.
Цэцэрлэгээс дөнгөж сургуульд орох гэж байгаа хүүхдүүдээс юуг нь шалгах гээд байгаа юм бэ. Юугаа шалгуулах ёстой юм бэ.
Мөн зургаан нас хүрээгүй хүүхдийг сургуульд элсүүлэхгүй. Хүүхдийг хэт багаас нь сургуульд оруулахад ачааллаа даахгүй байна. Үүнээс үүдэж өөртөө итгэх итгэлгүй болох, сургуульд сурах сонирхол буурах гэх мэт сөрөг нөлөө гардгийг судлаачид хэлдэг. Иймд боловсролын хуулиа дагаж зургаан нас хүрээгүй хүүхдийг энэ жилээс сургуульд оруулахгүй. Энэ бол эцэг эхчүүдээ ч, хүүхдүүдээ ч бодсон шийдвэр гэж бид үзэж байгаа" гэлээ.