УИХ-ын гишүүн Б.Батзориг ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж УИХ-ын гишүүдэд хууль, журам зөрчин ЖДҮХС-гаас зээл олгосон гэх хэрэгт холбогдон яллагдагчаар татагдсан билээ. Улмаар түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр Улсын ерөнхий прокурор УИХ-д хандсан ч татгалзсан юм.
УИХ-ын гишүүн Б.Батзоригт холбогдох үйлдлийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст үргэлжлүүлэн шалгах явцад зарим зээлийг хууль, журмын дагуу олгосон нь тогтоогдсон учир хэрэгсэхгүй болгожээ.
Тухайлбал, ХХААХҮ-ийн сайд 2018 онд А/141 дугаартай тушаал гаргаж, ЖДҮХС-гаас “MS Guamaral” брэндийн хувцас хөгжүүлэх төсөлд 50 сая, “Уран өв” хүүхдийн хувцас үйлдвэрлэх төсөлд мөн хэмжээний, “Газар шим” төсөлд дээрхтэй адил дүнтэй, “Эрчимжүүлсэн үнээний ферм” төсөлд 100 сая төгрөгийн зээл олгох шийдвэр гаргахдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй хэмээн шалгасан аж.
Эдгээр үйлдлийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй буюу хуулийн дагуу олгосон нь тогтоогдсон учир уг үйлдлийг хаахаар болжээ. Мөн иргэн Х.Батбаярын “Чанар гутлын үйлдвэр” төсөлд 150 сая, “Органик хүнс трейд” ХХК-ийн жигнэмэг, өрмөнцрийн үйлдвэрийн төсөлд адил хэмжээтэй зээл олгохдоо албан тушаалаа ашигласан байж болзошгүй үйлдлийг нь ч хэрэгсэхгүй болгосон байна.