Баянзүрх дүүргийн 10, 19 дүгээр тойрогт өнгөрсөн бямба гараг буюу 3 дугаар сарын 23-ны өдөр дахин сонгууль явагдсан. Дахин сонгууль анхнаасаа хууль бус байсан хэмээн Баянзүрх дүүргийн Ардчилсан намаас өнөөдөр мэдээлэв. Учир нь хууль бус тогтоол шийдвэрээр явагдсан учраас Ардчилсан намынхан энэ сонгуульд оролцоогүй гэлээ.
Хэвлэлийн хурлын үеэр Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, Ардчилсан намын бүлгийн дарга Д.Пүрэвдаваа:
“Үндсэн хуулийн цэцийн шийдвэр, УИХ-ын тогтоол, Монгол Улсын хууль албан ёсоор хүчингүй болчихоод байхад 2019 оны 01 сарын 19-ны өдөр Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны тогтоол гарсан. Энэ тогтоолдоо хүчингүй болсон хуулийг ашигласан. Ямар ч тушаал шийдвэр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн заалтыг мөрдөх үүрэгтэй. Гэтэл Үндсэн хуулийн цэцийн шийдвэр, УИХ-ын тогтоолоос дээгүүр шийдвэр гаргадаг сонгуулийн хороо үйл ажиллагаа явуулж байна. Татвар төлөгчдийн мөнгөөр хууль бус сонгууль зохион байгуулсан тул Ардчилсан нам оролцоогүй. Баянзүрх дүүргийн МАН өрсөлдөгчгүй сонгуульд орж, мөнгө тарааж иргэдийг басамжилсан” гэсэн тайлбарыг өгсөн юм.
Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд Эрүүгийн хэрэгт холбогдож ял шийтгүүлсэн төлөөлөгчөөс гадна төрийн эрхийг хууль бусаар авах үйлдэл гаргаж, мөнгө тарааж байгаад газар дээрээ баригдсан төлөөлөгч ч байгаа. Хууль хэрэгждэг бол эдгээр хүмүүст иргэдийг төлөөлөх эрх байхгүй" гэлээ.