К.Д. Романовский: Шүүх нь шударга ажилладаг бол Монгол Улс хөгжих асар их нөөц бололцоотой

К.Д. Романовский: Шүүх нь шударга ажилладаг бол Монгол Улс хөгжих асар их нөөц бололцоотой


6 жил

30-аад тэрбум төг­рөгийн үнэ бүхий хувьцаагаа оюутан цагийн дотнын найз Д.Бат-Эрдэнэд луйвардуулсан гэх ОХУ-ын иргэн Конс­тантин Димитриевич Романовский Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хандан ил захидал бичсэн нь олон нийтийн анхаарлыг татсан билээ. 

Энэхүү захидлын эзнийг Монгол Улсад түр хугацаагаар ирээд байхад нь уулзаж ярилцлаа. Оюутан ахуйн нөхөрлөл, Орос-Монгол ахан дүүсийн барилдлага, хүн чанар, хамтын биз­нес, эцэстээ нэгнээ луйвард­санаар төгссөн нөхөрлөл гээд эргээд харахад нэгийг санаж, хоёрыг тунгаах зүйл олныг өгүүлжээ.

-Монгол Улсын Ерөн­хийлөгчид хандаж бичсэн таны захидлын талаар эхэлж асуух нь зөв байх. Энэ хүртэл өндрөө авсан хэрэг явдлын эхлэл нь юу байв?

-Нөхөрлөл, тодруулж хэлбэл оюутан ахуйн нөхөр­лөлөөс минь энэ бүхэн эхлэлтэй гэж хэлж болно.
Оюутны жижиг умгар өрөөнд гоймон, консерав, гахайн өөх гээд л тал талаас нийлүүлсэн хоолоо хувааж идэж байсан олон сайхан монгол нөхдөө одоо ч би санаж байна. Цэнгэл, Отгонбаатар, Бат-Эрдэнэ гээд л...ЗХУ-ын үеийн Урал, Свердловск хот социализмын үед хаалттай хот байлаа. Зөв­хөн монголчууд, монгол оюутнууд л энэ хотод амьдарч, суралцах эрхтэй байв. Гэхдээ их чанга хатуу хараа хяналт дор. Тэр үед гадаад оюутнууд хичээлээс гадуур арилжаа наймаа хийх өөр хот руу явах нь илэрвэл өчиггүй хөөгдөнө. Тиймээс л бид арга сүвэгчилж монгол найз нарынхаа авчирсан арьс үс, малгай, нарийн хилэн зэрэг ховор нандин барааг борлуулж өгнө. Мөн тэдэндээ хэрэгтэй зүйлийг нь ч боломжоороо олж өгнө. Энэ харилцаа маань гүнзгийрсээр Орос-Монгол хоёр улсыг дамнасан бизнесийн хамтрагчид зарим найзууд маань ч сайн бизнесмэн болтлоо өргөжсөн юм. Харамсалтай нь, энэ бүхэн одоо сайхан түүх болон үлджээ.

-Таны захидлаас үзэхэд таныг хохироосон гэх хүн нь манай улсын нэр­тэй бизнесмэн, улстөрч “Ажнай” хэмээх тодот­гол­той Д.Бат-Эрдэнэ гэдэг хүн бололтой. Ер нь бол Монголын толгой хөрөнгөтнүүдийн нэг гээд хэлчихэд буруудахгүй байх. Гэтэл ийм асуудалд нэр холбогдсон нь итгэмээргүй ч юм шиг?

-Эхэндээ ийм юм болоод байгаад итгэж өгөөгүй. Бид оюутан ахуйгаасаа л найзалж нөхөрлөж бие бие­нээ түшиж ирсэн улс. Хо­рин хэдхэн настайгаасаа л нөхөрлөсөн гэсэн үг шүү дээ. Гэтэл би тун удахгүй 58 нас хүрэх гэж байна. Өдий насанд нөхөрлөл ингэж дуусч байгаа нь тун харамсалтай хэрэг. Би хэдэн жилийн өмнө Д.Бат-Эрдэнэ найзынхаа урилгаар Монголын өмнийн говьд гэр бүлээрээ айлчилж, үзэсгэлэнт байгалийг нь биширч явлаа. Би гурван сайхан охинтой хүн л дээ. Олон жил хүсч мөрөөдөж явсан хүүгээ бид тэгэхэд олсон юм. Одоо хүү маань 10 нас хүрэх гэж байна. Түүний маань монгол нэр нь Батхаан. Эхнэр бид хоёрын нууцхан хүсч явсан хүү минь Монголын тэр сайхан нутагт олдсонд бэлгэшээж, энэ нэрийг өгсөн хэрэг. Хүү маань ч нэрэндээ их дуртай.

-Таныг бас найз нөхөд тань “Монгол Костя” гэж авгайлдаг талаар сонссон юм байна?

-/Инээв/ Миний үзэх дуртай кино бол Сергей Бодровын “Монгол Урге”. Хааяа зуун грамм хажуудаа тавьчихаад үзэж суухад их зүйл бодогдуулдаг дэл­гэцийн сай­хан бүтээл шүү. Хүмүүс янз бүрээр л хүлээж авдаг байх. Миний хувьд бол гайхалтай бүтээл. Хааяа би найзуудтайгаа хоккей тог­лодог юм. Тэр дунд Оросын төрд ажилладаг хүмүүс болон бизнесмэнүүд гээд их олуулаа тоглоно. Би тоглолтдоо хэт улайр­чихаараа “Би Монгол байна” гээд л орилоод дайрчихдаг. Найзууд намайг явуулна. “Зөвлөлтийн үеэс өмнө монголчууд биднийг эзэрхийлж байсан шүү дээ. Гэтэл чи “Би Монгол” байна гэж орилоод байх юм” гэнэ. Уучлаарай, манай хоёр орны түүхэнд түүнээс ч гайхалтай сайхан түүх олон бий. Уралын нийслэл Свердловск буюу эрт эдүгээгийн Екатерин­бург хотын иргэд монголчуудтай их олон зүй­лээр холбоотой. Бидний эцэг, өвгөд ярьдаг л даа. Халх голын дайнд Уралаас маш олон эрчүүд цэрэгт татагдан оролцсон байдаг. Ми­ний өвөг эцэг Эх орны дайны үед монгол хонины нэхийгээр хийсэн дулаан дээл, монгол хонины ноосоор хийсэн эсгий гутал, монгол морьд хөлөглөсөн Урал, Сибирийн эрчүүдээс бүрдсэн дивизүүд Москвагийн дэр­гэд гитлерчүүдэд үхлийн цохилт өгч явсан түүх бий. Бид бол цусаар холбогдсон ах дүүс. Харин “Монгол Костя” гэх нэр бол эртний юм. Свердловскийн монголчуудтайгаа ах дүү шиг ойр байсан учраас тэдний маань надад өгсөн “хоч нэр” гэх үү дээ.

-Таны хүчээр гэх үү, нэр нөлөөгөөр гэх үү монголчууд Свердловскт зах зээлийн шилжилтийн эхэн уед дээрэмдүүлж, зодуулчих вий гэж айж ичих зүйлгүйгээр худалдаа наймаа эрхэлдэг байсан гэж сонссон?

-1990-ээд он бол Монгол, Орос хүмүүсийн хувьд амаргүй он жилүүд байлаа шүү дээ. Нийгэм, улс төрийн тогтолцоо өөрчлөгдөөд бид бүгд л амьдрах арга замаа хайж явсан. Танайхан манайд ирж ганзагын наймаа эрхэлнэ. Зах, вокзал дээр бараагаа худалдаална. Тэр бүрийд сайн муу хүмүүс таарна. За­римдаа дээрэмдүүлнэ, хураалгана гээд асуудал, бэрхшээл гарна л даа. Миний хувьд тогтсон бизнестэй, хамгийн анхны “Харбин” гээд ресторан бүхий үйлчилгээний төв ажиллуулдаг байлаа. Тэр үед Свердловскийн захыг “Афганы холбоо” гээд бүлэг­лэл хянадаг байсан. Миний хувьд Афганд алба хаасан бэлтгэл офицер хүн л дээ. Тийм учраас тэдэнтэй хэл амаа ололцоно гайгуй харилцаатай л даа. Тэнд ажиллаж байсан төлөөлөгч “Хэдэн цөөхөн монголчуудын маань амар заяаг үзүүлэхээ байлаа” гэж надад гомдоллохгүй юу. Тиймээс өнөөдүүл рүү утас цохиж “Монголчуудад элэгтэй хандахыг зөвлөсөн” хэрэг. Харин сүүлдээ монгол оюутнуудыг хичээлд нь суулгахаа байлгасан хэрэгт орох дөхсөн шүү /инээв/

-Яагаад тэр билээ?

-Яахав дээ, сүүлдээ “Афганы холбоо”-ныхон “татвар”-аа авахаар зах дээр очихоор Монгол оюутнууд үнэмлэхээ үзүүлээд “татвар” өгөхгүй, түүнийг нь бусад нь мэдчхээд монгол оюутнуудаар бараагаа заруулдаг болчихгүй юу. Өнөө хэд маань түүндээ амтшаад захаас салахаа больчихсон хэрэг. Гэх мэтчилэн олон сайхан, хөгтэй ч гэмээр, хөгжилтэй ч гэмээр түүхүүд бий л дээ. Түүнээс улбаалж л намайг “Монгол Костя” гэх болсон юм.

Эх сурвалж: https://www.facebook.com/1514963328535588/posts/2330013500363896?sfns=mo 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү