Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гаас уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хувь хүний ойлголт, оролцоог нэмэгдүүлэхээр "Эх Дэлхийн Цаг” хөтөлбөрийг 2007 оноос хэрэгжүүлж байгаа билээ.
2010 онд Улаанбаатар хот анх удаагаа нэгдсэн бөгөөд энэ жил 10 дахь удаагаа албан ёсоор оролцоно. Энэ удаа зохион байгуулагчид хуванцарын хор холбогдлыг олон нийтэд сурталчилах, хуванцараас татгалзахад чиглэсэн үйл ажиллагаанд анхаарал хандуулах юм. Тэд энэ арга хэмжээнд идэвхтэй оролцохыг олон нийтэд, ялангуяа залуучуудад уриалж байгаа ажээ.
Уламжлал ёсоор "Эх дэлхийн цаг-2019” гуравдугаар сарын 30-ний бямба гаригт орон нутгийн цагаар үдшийн 20:30-т дэлхий даяар нэгэн зэрэг эхэлнэ. Сүхбаатарын талбайд болох арга хэмжээг Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар, "Байгаль орчны манлайлагчид” ТББ, Нийслэлийн Байгаль орчны газар, Эрчим хүчний зохицуулах хороо, Ариг банк, Цэнгэг ус, байгаль хамгаалах төв, Скаутын холбоо, хөлбөмбөгийн "Дэрэн” баг хамтран зохион байгуулна. Уг арга хэмжээний үеэр 20:30 цагаас 21:30 цаг хүртэл Сүхбаатарын талбайн эргэн тойрны гэрэл унтарч, лаа гэрэлтэнэ.
Мөн урлагийн тоглолт болж, монголчууд эх дэлхийгээ хамгаалах үйлсэд нэгдэнэ. Хэрвээ та арга хэмжээнд ирж чадахгүй байсан ч гэрийнхээ гэрлийг нэг цаг унтрааж "Эх Дэлхийн Цаг”-т нэгдэж болох юм. Орон нутгаас Ховд, Увс, Говь-Алтай, Баян-Өлгий, Хэнтий, Дорнод, Дорноговь зэрэг аймгууд нэгдэхээр болоод байна.
0
0
0
0
0
0