Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой асуудлыг хэлэлцжээ. Үүнтэй холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж мэдээлэл хийлээ. Тэрээр “Засгийн газрын хуралдаанаас “Эрдэнэт” үйлдвэрийг улсын өмчит үйлдвэрийн газар болгох шийдвэр гаргалаа. Цаашдаа “Эрдэнэт” үйлдвэр улсын үйлдвэрийн газар гэсэн статустайгаар ажиллахаар болж байна. Энэ үйлдвэрийн газрын захирлыг Засгийн газраас томилно. Мөн Монросцеветментийн захирлыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас томилж байх шийдвэр гаргасан” гэлээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж дээрх мэдээллийг хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
-Улсын өмчит үйлдвэрийн газар болгохоор бүтэц зохион байгуулалтын хувьд ямар өөрчлөлт гарах вэ?
-100 хувь төрийн өмчит үйлдвэрийн газар болж байгаа учраас захирлыг нь шинээр томилж, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар ТУЗ-ийг томилно. Удирдлагын тухайд Х.Бадамсүрэнг байлгах уу, үгүй юү гэдгийг Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ дагуу шийдэж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх байх.
-“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудал яаж шийдэгдэнэ гэсэн үг вэ?
-УИХ болон Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гарчихсан шүү дээ. Одоо хэргийг нь шалгаж байгаа. Илүү нарийвчлан шалгах шаардлага бий. Энэ бол зөвхөн нэг үйлдвэрийн 49 хувийг худалдаж авсан тухай асуудал биш. Монголд мафи оршин тогтнох уу, үгүй юү гэдэгт төр хариу өгнө.