Баянзүрх дүүргийн Ардчилсан намын дарга Д.Пүрэвдаваатай ярилцлаа.
-Ардчилсан намын дотоод эргэлтийн сонгууль явагдаж байна. Танай дүүрэг ротацийн сонгуульд хэрхэн оролцож байна вэ?
-Ардчилсан нам хэвтээ тогтолцоотой буюу анхан, дунд шатнаасаа санал авч, шийдвэрээ гаргадаг нам. Үүний нэг жишээ нь, намын дарга болон Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг аймаг, дүүрэг, сум гээд бүх шатны гишүүдээсээ санал авч сонгосон явдал. Хэвтээ тогтолцоотой намын бас нэгэн давуу тал нь, намын дүрэмд тусгаснаар 100 хувь гэж үзвэл сонгуулийн дөрвөн жилийн мөчлөгийн гурван жилд нь 30 хувиар эргэлтэд оруулж, ротацийн сонгууль хийдэг. Үүгээр итгэл хүлээлгэх хүмүүсээ үлдээж, шинэ гишүүдэд шат шатанд ахих боломж олгодог. Бусад намын дүрмийг мэдэхгүй юм. Харин Ардчилсан намд ямар ч шатны гишүүн өөрийгөө тухайн шатны ИТХ, аймаг, нийслэл болон УИХ-д сорих боломж, үүд хаалга нээлттэй байдаг. Энэ удаагийн ротацийн сонгууль УИХ болон орон нутгийн сонгуулийн өмнөх жил болж буйгаараа онцлог байна. Тиймээс ч өрсөлдөөн ихтэй байна. Өрсөлдөөнтэй байна гэдэг дотоод ардчилалтай байгаагийн илрэл гэж би харж байна. Ротацийн сонгуулиар мэдлэг боловсролтой мундаг залуус гарч ирдэг.
-Ротацийн сонгуулийг сүүлийн зургаан жил хийгээгүй. Энэ ямар учир шалтгаантай вэ?
-Ардчилсан намын даргаар Н.Алтанхуягийг ажиллаж байх үед ротацийн сонгуулийн муу талыг нь авч үзээд зохион байгуулаагүй.
Тэрбээр 2010-2015 онд намын дүрэмд тусгасан байсан ротацийн сонгууль зохион байгуулах тухай зүйл заалтыг авч, намын дүрэмд өөрчлөлт оруулсан. Тодруулбал, ротацийн сонгуулиар намд фракц, талцал, хуваагдал үүсдэг гэж үзээд, ротацийн сонгуулийг зохион байгуулаагүй. Н.Алтанхуягт сайн, муу хоёр тал бий. Сайн тал гэвэл, 2012 оны сонгуульд Ардчилсан нам парламент болон орон нутгийн сонгуульд олонх болж, амжилттай оролцсон. Энэ бол хэн ч үгүйсгэж чадахгүй амжилт. Харин намын бүтэц, дүрмийн тухайд ил тод байх зарчим хумигдаж, эргэлтийн сонгууль хийхгүй, зөвхөн удирдлагын түвшинд ажиллаж эхэлсэн дутагдал бий. Олон залуус ротацийн сонгуульгүй болсноос болж шат шатны сонгуульд өрсөлдөх боломжоо алдсан.
-Та Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байгаа хүн. Тантай адил алба хашиж байсан Н.Алтанхуяг өнгөрсөн өдрүүдэд зөвлөхийн ажлаа өгөөд байна. Үүнийг та ямар алхам гэж харж байна вэ?
-Аливаа зүйл дүрэм, журмаар зохицуулагдах ёстой. Хэрэв хамт олны оролцоотой үйл ажиллагаа явуулах гэж байгаа бол компани, төрийн бус байгууллагын аль нь ч бай, байгууллагын дотоод дүрэм журмыг дагаж ажиллах ёстой. Тиймээс дүрмийнхээ хүрээнд удирдлагуудтайгаа мэтгэж, мэтгэлцээд явахад асуудалгүй гэж би харж байна. Дүрмийн бусаар, нэгнээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр муулж, гүтгэж, явуулга явуулснаар бид МАН-д боломж өгч байгаа хэрэг болно.
Хүн бүр л ярьж байна. МАН найтаахад АН хатгаа тусдаг гээд.
Өөр хоорондоо эвдрэлцэнэ гэдэг МАН-д том боломж олгож байгаа хэрэг. Тод жишээ мэдэж байна. Манай Баянзүрх дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Батзандан 2008 онд Их намаас УИХ-д нэр дэвшсэн. Ингэхдээ “МАН 70 жил болсон, хөгшин намыг буулгах ёстой. Эрийн цээнд хүрч, 18 жил насалсан АН-д хариуцлага тооцох ёстой” гэж бүх хэвлэлээр ярьж явсан хүн. Улмаар 2012 онд АН-аас нэр дэвшиж, улмаар Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагах, МАН-ын бланк дээр хамгийн түрүүнд гарын үсэг зурсан хүн Ж.Батзандан. Үнэндээ, Ж.Батзандангийн мөрийн хөтөлбөр гэж би сонсоогүй. Ард түмэн АН-ын мөрийн хөтөлбөрийг дэмжиж, түүнийг гишүүн болгосон. Гэтэл өнөөдөр тэр АН-ын мөрийн хөтөлбөрөөр сонгогдчихоод “АН шиг муу, муухай нам байхгүй” гэж хамгийн болохгүй бүтэхгүй бүхнээр дуудаж сууна. Хэрэв энэ жишгээр явбал 2020, 2024 онд бидний дараа үеийн залуус одоо байгаа бүх гишүүдийг “Хулгайч” гэж дуудаж, дүрэмгүй доромжилж болдог юм байна гэсэн сэтгэлгээ, жишгийг тогтоовол туйлын харамсалтай байна. Энэ нь өрсөлдөгч намд давуу боломж олгож, рейтинг өсгөж байгаа зүйл.
-Н.Алтанхуяг яг л Ж.Батзандан шиг авирлаад байх шиг. Тэр Ерөнхий сайдаас эхлээд төрийн бүхий л өндөр дээд албыг хашиж үзсэн хүн. Гэхдээ үүнийг ганцаараа биш, намын гишүүдийнхээ дэмжлэгтэй хийсэн. Гэтэл өнөөдөр нам руугаа нулимаад сууж байгаа нь хэр ёс зүйтэй үйлдэл вэ?
-Миний бие 2009 оны ротацийн сонгуулиар тухайн үеийн Үндэсний зөвлөлдөх хороонд нэр дэвшиж, орж байсан. Саяхныг хүртэл би намын дарга С.Эрдэнэтэй мэтгэлцэж, намаасаа хөөгдөж явсан удаатай. Гэхдээ “Олгой хагаравч тогоондоо, толгой хагаравч малгайндаа” гэдэг шиг бусдад боломж олгохгүйгээр асуудлаа дотроо шийддэг баймаар байна. Олон залуус АН-д цаг хугацаа, сэтгэл зүрх, үзэл баримтлал, үнэт зарчмаа өгч, өнөөг хүртэл дагаж байгаа. Ах нар, зарим улстөрчид залуусын ирээдүйг балламааргүй байна. Бусад улс төрийн хүчний бодлогод оролцмооргүй байна. Дүрэм журмаараа, хаалгаа түгжиж байгаад дотроо учраа олмоор байна. Нийтэд битгий шившиг болооч л гэж хэлмээр байна.
-Н.Алтанхуягийг намынхаа байрыг зарж “идсэн” гэж ярьдаг юм билээ. Энэ үнэн болов уу?
-Ямартай ч, тэрбээр шилэн хүзүүвч барина гээд нураагаад, хэдэн төгрөгийн хандив өгөхөөс хамаарч, дурсгалын тоосго гардуулж, хөрөнгө босгох ажлыг зохион байгуулж байсан. Уг нь Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа намын байрыг 20 давхар болгохоо больё гэхэд ядаж хоёр давхар байшинг өргөтгөж, гурван давхар болгочих боломж байсан гэж хардаг. Гэтэл МАН-ынхан 2008 онд шатаасан байраа маш богино хугацаанд, улсын төсвөөс 10 гаруй тэрбум төгрөгийн дэмжлэг авч байгаад босгочихсон. Харин бид МАН шиг биш гэхэд, ядахдаа л хотын төвд намын гишүүд гүйгээд ордог байртай болох боломж байсан байх л гэж боддог. Хөрөнгө мөнгө нь яасан юм бол гэсэн асуултын тэмдэг хүн бүхэнд байдаг байх. Нарийн ширийнийг нь мэдэхгүй юм.
-Ардчилсан нам үнэт зүйлээ дахин тодорхойлж, үзэл баримтлалаа шинэчилсэн. Үзэл баримтлалаа тойрч, бүлэглэл, фракцгүй байна гэсэн?
-Өнөөдөр МАН, МАХН-ынхан ардчилсан үзэлтэй юм шиг ойлгомжгүй болчихсон энэ үед Ардчилсан нам үндсэн зорилгоо илүү тодруулж, хуулийн засаглал, хувь хүн, эдийн засгийн эрх чөлөөг дээдэлсэн ардчиллыг тунхагласан нам байна гэдгээ тодруулсан нь маш зөв алхам болсон. МАН коммунизм байгуулах гэж байсан нам. Харин одоо хүн харахад ардчилал гэсэн масктай коммунистууд цугларчхаад байна. Үүний тод илрэл нь, намын дарга хүн УИХ-ын гишүүн бололгүйгээр, Ерөнхий сайд болдог жишээ. Эндээс төлөөллийн ардчилал буюу сонгогдсон хүн дотроос Ерөнхий сайд болж, гүйцэтгэх засаглалаа байгуулах зарчим алдагдаж байна. Өөрөөр хэлбэл, иргэдээс санал авч, сонгогдоогүй хүн бидний өдөр тутмын амьдралтай холбоотой чухал шийдвэрүүдийг гаргаж, бидний татварын мөнгийг юунд зарцуулахыг шийдээд сууж байгаа юм. Тэгэхээр намын гишүүдээс сонгогдсон хүн нийт монголчуудын санхүүг бариад сууна гэдэг эргээд нам төвтэй төр болсны тод илрэл. Энэ хэвээр үргэлжилбэл, 20-30 жилийн дараа эргээд 1990 оноос өмнөх байрандаа очих уу гэдэг бодол төрж байна.
-Ярилцсанд баярлалаа.