Ээлжит бус чуулганаар таван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх үү?

Ээлжит бус чуулганаар таван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх үү?


6 жил

УИХ-ын ээлжит бус чуулган ирэх долоо хоногийн даваа гаригт хуралдаж эхэлснээр улс төрийн үйл явцууд өрнөх нь ээ. Ээлжит бус чуулганаар УИХ-ын таван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг Улсын ерөнхий прокуророос оруулж хэлэлцүүлэх асуудал улс төр, хуулийн хүрээнд яригдаж эхэллээ.

Албан бус эх сурвалжийн мэдээллээр УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Х.Нямбаатар, М.Оюунчимэг, Н.Оюундарь болон Х.Болорчулуун нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа оруулахаар ээлжит бус чуулганыг хүлээж байна. 

 

Одоогоор УИХ-ын нэр бүхий 23 гишүүн ЖДҮХС-аас зээл авсан асуудлаар АТГ-т шалгагдаж буй. Тэднээс тавынх нь бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг Улсын ерөнхий прокуророос  өнгөрсөн намрын чуулганд оруулсан. Ингэхдээ ЖДҮХС-аас зээл авсан асуудлыг шалгахад гишүүнийх нь бүрэн эрх саад учруулж байна гэж үзэж УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Г.Солтан,  Л.Энхболд, Б.Ундармаа,  Б.Батзориг нарын бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх санал тавьсан. Гэвч УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүйгээр энэ асуудлыг шалгах боломжтой гэж Халдашгүй байдлын дэд хороо, Хууль зүйн байнгын хороо, чуулганы хуралдаанаар үзэн, дээрх таван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн юм.  Харин одоо эдгээр таван гишүүний хувьд ЖДҮХС-аас зээл авсан асуудлаар яллагдагчаар татах дүгнэлтэд гарын үсэг зурсан бөгөөд хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа гэдгийг хуулийн байгууллагаас мэдэгдэж буй.

Тэгвэл энэ удаад дахин таван гишүүний асуудлыг оруулж ирж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналаа ээлжит бус чуулган эхлэнгүүт хүргүүлэх сурагтай. Тэднийг  ЖДҮХС-аас зээл авсан асуудлаар шалгахад мөн л бүрэн эрх нь саад учруулж байна гэж үзжээ. Гэхдээ тэдний зарим нь ЖДҮХС-гаас зээл авснаа хүлээн зөвшөөрдөг бол зарим нь үгүйсгэсэн тайлбарыг өмнө нь өгч байв.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү