Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-ны гишүүдийн эргэлт буюу ротаци хийхээр дотоод сонгууль зарлажээ. Тус намын дүрэмд зөвхөн ҮБХ-ны гишүүн УИХ-ын сонгуульд нэр дэвшинэ гэж заасан байдаг тул сонгуулийн өмнөх жил ротаци явуулж, ҮБХ-ны гишүүдээ шинэчилж байгаа нь энэ аж.
Ардчилсан намын Үндсэн дүрмийн дагуу ҮБХ-ны гишүүний бүрэн эрх дөрвөн жил байх бөгөөд ҮБХ-ны гишүүний суудалд төрийн сонгуулийн өмнөх жилээс бусад жилд Дотоод сонгуулийн хорооноос тогтоосон хуваарийн дагуу эргэлт /ротаци/-ийн сонгууль явуулна гэж заасан байдаг.
ҮБХ-ны гишүүдэд нэр дэвшигчдийн бүртгэлийг гуравдугаар сарын 3-7-ны 20:00 цагийн хооронд явуулахаар заасан бөгөөд сонгуулийн саналыг 2019.03.24-ний 10:00 цагаас 20:00 цагийн хооронд зарласан байна.
Энэ удаагийн ҮБХ-ны гишүүдэд нэр дэвшсэн хүмүүс дунд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Баянгол дүүргээс, Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны дарга асан Ж.Цэсэн Чингэлтэй дүүргээс нэр дэвшин өрсөлдөж байна. Мөн Дархан-Уул аймгаас Эрчим хүчний сайд асан М.Сономпил, Хан-Уул дүүргээс УИХ-ын гишүүн асан Р.Бурмаа нар нэр дэвшжээ.