Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VII хуралдаан өнөөдөр болно. Энэхүү хуралдаанаар нийслэлийн Засаг даргыг томилох асуудлыг хэлэлцэх юм. Өмнө нь Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VI хуралдаанаар нийслэлийн Засаг даргыг томилох тухай асуудлыг хэлэлцсэн билээ. Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан, нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгч С.Мөнхчулуун нар хотыг даргад нэрээ дэвшүүлэн өрсөлдөж С.Мөнхчулуун олонхын санал авсан боловч Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх түүнийг батламжлахаас татгалзсан. Тиймээс холбогдох хуулийн дагуу нийслэлийн ИТХ 15 хоногийн дотор хуралдаж, санал хураалт явуулж нийслэлийн Засаг даргаа томилох үүрэгтэй. Энэ дагуу өнөөдөр нийслэлийн ИТХ ээлжит бусаар хуралдах гэж байна.
Энэхүү хуралдааны өмнө МАН-ын Удирдах зөвлөл хуралдаагүй тул өмнөх шийдвэр нь хүчинтэй, өөрөөр хэлбэл нийслэлийн Засаг даргад С.Амарсайханыг санал болгож байгаа гэсэн үг. Харин намынхаа бодлогыг сөрөн өмнөх хуралдаад нэрээ дэвшүүлж, олонхийн саналыг авсан С.Мөнхчулуун энэ удаа ч дахин нэр дэвшин өрсөлдөнө гэдгээ мэдэгджээ.
Тэрээр өөрийн фэйсбүүктээ "Үндсэн хуулийн 16.9 Монгол улсын иргэн төрийн байгууллагад сонгох сонгогдох эрхтэй гэж заасан байдаг. Сонгогдох эрхээ эдэлсний төлөө намаас хөөсөн. Өнөөдөр дахиад л Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдлэх гээд үзнэ дээ. Харин бусад төлөөлөгчдийн сонгох эрхийг эдлүүлэх нь үү, үгүй юу. Өөрийн эрхээ эдлэхээс гадна бусдынхаа эрхийг эдлүүлэхийн төлөө зүтгэнэ ээ" хэмээн бичжээ.