Авлигатай тэмцэх газраас УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Д.Дамба-Очир, Л.Энхболд, Г.Солтан нарыг ЖДҮХС-гаас өөрийн эзэмшлийн болон хамаарал бүхий компаниараа дамжуулан зээл авсан асуудлаар шалгаж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг Улсын Ерөнхий Прокурорын газраас УИХ-д хүргүүлсэн билээ.
Өмнө нь АТГ-аас УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Г.Солтан, Л.Энхболд нар яллагдагчаар татах тухай тогтоолтойгоо танилцахгүй зугтаад байна гэсэн мэдээлэл өгч байв. Өнөөдрийн байдлаар Г.Солтан гишүүнээс бусад нь яллагдагчаар татагдах тогтоолтойгоо танилцжээ.
Г.Солтан гишүүний хувьд АТГ-аас дуудахаар “Томилолтоор хөдөө явж байна. Ажилтай байна, амжихгүй” гэсэн шалтгаан хэлээд очдоггүй байна. АТГ-ынхан түүнийг гадагшаа олон хоногийн томилолтоор явна гэсэн мэдээлэл авч, хилийн хориг тавиулах асуудлыг хөндөж буй бөгөөд Нийслэлийн прокурорын газар түүнд хилийн хориг тавих эсэхийг шийдэх юм.
УИХ-ын гишүүн Г.Солтан ЖДҮХС-аас “Монгол шаазан” компаниараа дамжуулж, 950 сая төгрөгийн зээл авсан нь тогтоогдсон байдаг. Энэ талаар тэрээр “Би буруу зүйл хийгээгүй. Ямар нэгэн уучлалт гуйх шаардлагагүй” гэсэн тайлбар хийсэн билээ.