“МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл”-ээс төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлж буй талаар УИХ-ын нэр бүхий гишүүд мэдээлэл хийлээ. Уг шаардлагад УИХ-ын ээлжит бус чуулганыг 14 хоногийн дотор зарлан хуралдуулахыг шаардаж, дараах найман зүйлийн тусган хүргүүлж байгаа аж.
- Хууль бус аргаар хувьчилж авсан “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь болон тус үйлдвэрийн “Стандарт” банктай холбоотой 51 хувийн асуудлыг нэн яаралтай эцэслэн шийдвэрлэх,
- Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон боловч авлига, хуйвалдааны замаар хувьд авсан стратегийн ордуудыг нийтийн өмчлөлд эргүүлэн авах,
- МАНАН бүлэглэлийн бий болгосон “Шударга бусын хонгил”-ын “гал хамгаалагч” болох шуух, прокурор, авлигатай тэмцэх газрын удирдлагуудыг яаралтай огцруулахыг УИХ-ын бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэх,
- Хөгжлийн банк болон төрийн нэрээр авсан их хэмжээний зээлийг эргэн төлүүлэх, Монгол Улсад ашиггүй концессийн гэрээг цуцлах, ЖДҮХС зэрэг 26 санг шалгах, буруутай этгээдэд хариуцлага тооцох,
- Монгол Улсын төрийн албыг худалдах санаархал бүхий 60 тэрбумын хэргээр нийтийн сонсгол зохион байгуулах, хариуцлага хүлээлгэх,
- Агентлагийн дарга болон түүнээс дээш төрийн албан тушаалыг томилгооны сонсголоор томилдог байх,
- Газрын наймаа, авлигын замаар олгогдсон газрын зөвшөөрлийг цуцалж, нийтийн эзэмшилд шилжүүлэх, оффшорын хөрөнгийг эх орондоо авчрах,
- С.Зориг агсны амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийн асуудлаар нийтийн сонсгол зохиох, мөрдөн шалгах ажиллагааг шинээр эхлүүлэх зэрэг ажлыг нэн яаралтай хэрэгжүүлэхийг шаардаж байлаа.