Хууль тогтоох байгууллага сар шинийн өмнөхөн шинэ спикертэй болсон. УИХ-ын шинэ дарга Г.Занданшатар өнөөдөр 11.00 цагаас УИХ-ын Тамгын газрын удирдлагууд, ажилтнуудыг хүлээн авч уулзах юм байна.
Дашрамд, тэрээр спикер болсныхоо дараа “Судалгаагаар Улсын Их Хурлын нэр хүнд тааруу байгааг нуух хэрэггүй. Шинэчлэл зайлшгүй гэж үзэж байна. Ингэж байж парламентад итгэх ард түмний итгэл сэргэнэ. УИХ-ын чуулганы хуралдаан хэрүүлийн танхим, популизмын талбар байх учиргүй. Тиймээс УИХ-ын тухай болон УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах нь зөв гэж бодож байгаа. Асуудлыг дэлхийн улс орнуудын парламентын жишигт нийцүүлж, нотолгоонд суурилсан мэтгэлцээн өрнүүлдэг, хууль тогтоодог процедурыг сайн судлах хэрэгтэй байна. Энэ зорилгоор УИХ-ын Тамгын газар судалгаа, дүгнэлт гаргах, дээрх хуулиудад өөрчлөлт оруулах Ажлын хэсгийг УИХ-аас байгуулж ажиллах шаардлагатай байна” хэмээж байсан юм.