“Улаанбаатар палас”-т зохион байгуулагдсан арга хэмжээнд оролцсон нэгэн өндөр настан олны хөлд дарагдан нас барсан хэрэг өнгөрөгч Бямба гарагт гаржээ.
Тодруулбал, Баянгол дүүргээс 2016 онд Их хуралд нэр дэвшин, сонгогдсон Ж.Ганбаатар гишүүн нэгдүгээр сарын 26-нд тойргийнхоо ахмадуудтай уулзаж, гарын бэлэг тараасан байна. Гишүүний тараасан бэлгэнд хоёр кг гурил, цагаан будаа, тавгийн чихэр тус бүр нэг нэг кг багтсан байжээ.
Уулзалтын төгсгөлд энэхүү золгүй явдал болсон аж. УИХ-ын гишүүний тараасан бэлгийг авах гэж шахцалдаж, үймсэн олон хүний хөлд 83 настай эмэгтэй унаж дарагдсан байна. Зохион байгуулагчид нь түргэн тусламж дуудсан боловч өндөр настан эмнэлгийн тусламж авч чадалгүй нас баржээ. Талийгаач уг уулзалтад 54 настай хүүгийнхээ хамт очсон байж.
Энэ хэргийг Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байгаа аж. ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс хэргийн талаар тодруулахад “Ийм хэрэг гарсан. Шалгаж байгаа” гэлээ.