УИХ-ын даргыг чөлөөлөх тогтоолын төслийг өнөөдөр нэр бүхий гишүүд өргөн барьсан. Үүнтэй холбогдуулан УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж энэ асуудлыг хэзээ хэлэлцэх талаар шийдвэр гаргажээ. Энэ талаар УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон сая мэдээлэл хийлээ.
Тэрээр "УИХ-ын тухай, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу долоо хоног бүрийн даваа гаригт намын бүлгүүд, мягмар, лхагва гаригт Байнгын хороод, пүрэв, баасан гаригт чуулган хуралддаг. Даваа гаригт чуулганы нэгдсэн хуралдаан хийхийг хуулиар хориглосон байдаг. Үүний дагуу УИХ-ын даргыг чөлөөлөх асуудлыг хэрхэн хэлэлцэх талаар УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл шийдвэрээ гаргалаа.
Мягмар гаригт 10.00 цагаас Төрийн байгуулалтын байнгын хороо, үргэлжлүүлээд чуулганыг хуралдуулж УИХ-ын даргыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ. Үүнтэй холбогдуулан УИХ-ын дарга сая тухайн тогтоолыг нэн яаралтай горимоор хэлэлцэх захирамж гаргасан" гэлээ.