Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой тогтоолуудыг хэлэлцлээ

Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой тогтоолуудыг хэлэлцлээ


6 жил

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2019.01.23) хуралдаан 10 цаг 03 минутад 57.9 хувийн ирцтэй эхэлж, таван асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ.

Байнгын хорооны хуралдаанаар энэ оны эхнээс мөрдөгдөж эхэлсэн Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэрэгжүүлэхтэй холбогдсон зарим дүрэм, журмыг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн шинэчилсэн найруулга батлагдсантай холбогдуулан төрийн албанд дагаж мөрдөх 45 дүрэм, журмыг шинээр буюу шинэчлэн баталж мөрдүүлэх шаардлагатай байгаа бөгөөд уг хуульд заасны дагуу 9 дүрэм, журмыг нь Улсын Их Хурлаас тогтоол гаргаж батлах юм. Үүнээс Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Ё.Баатарбилэг, С.Бямбацогт, Д.Хаянхярваа нарын санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн “Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм батлах тухай”, “Төрийн зарим байгууллагын албан тушаалын ангилал, зэрэглэлийг тогтоох тухай”, “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэл батлах тухай”, “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хянан шийдвэрлэх журам батлах тухай” гэсэн дөрвөн тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг чуулганы энэ сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдаанаас дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн юм.

Тогтоолын төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байнгын хорооны ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн ахалж ажиллажээ.

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд “Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив. Тухайлбал, дүрмийн төслийн “Нийтлэг үндэслэл” гэсэн нэг дэх хэсгийн 1.5 дахь заалтын “Зөвлөл үйл ажиллагаагаа бие даан явуулах нөхцөлийг хангахад Засгийн газар дэмжлэг үзүүлнэ” гэснийг, мөн 2.1 дэх дэд заалтын “төрийн албан хаагчийг хууль тогтоомжийн дагуу шагнаж урамшуулах” гэснийг тус тус хасахаар тогтов.

Дараа нь  Улсын  Их Хурлын нэр бүхий гишүүдээс өргөн мэдүүлсэн “Төрийн зарим байгууллагын албан тушаалын ангилал, зэрэглэлийг тогтоох тухай”, “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хянан шийдвэрлэх журам батлах тухай”,  мөн Засгийн газраас өнгөрсөн оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн “Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв түүний нэмэгдэл олгох журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг хийж, Байнгын хорооны ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулж шийдвэрлэв.

Эцэст нь  “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дэмжлээ.  “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалын зэрэглэл”-ийг Улсын Их Хурлын 2002 оны 73 дугаар тогтоолоор шинэчлэн баталсныг одоо мөрдөж байгаа.

Тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгтт бэлтгэх явцад Байнгын хорооны ажлын хэсгээс тогтоолын төслийн хавсралтын ТӨ-IY гэсэн баганын улс төрийн албан хаагч гэсэн хэсэгт “Монгол Улсын Шадар сайд” гэж нэмэх санал гаргасан юм. Харин уг саналтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Энхболд Шадар сайд нь Ерөнхий сайдыг эзгүйд ажил үүргийг нь орлон гүйцэтгэдэг учраас Зсгийн газрын бусад гишүүдээс нэг шатлал ахиу байх нь зүйтэй юм. Тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг ярьж байх үед ийм байр суурьтай байгаагаа би хэлж байсан гээд Монгол Улсын Шадар сайдыг ТӨ-III гэсэн баганын улс төрийн албан хаагч гэсэн хэсэгт оруулах зарчмын зөрүүтэй санал гаргав.

Иймээс эхлээд Байнгын хорооны ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалгахад хуралдаанд оролцсон гишүүдийн 63.5 хувь нь дэмжсэнгүй. Харин М.Энхболд гишүүний гаргасан зарчмын зөрүүтэй санал гишүүдийн 72.7 хувийн дэмжлэг авсан юм. Мөн тогтоолын төслийн хавсралтын ТӨ-IYА баганын төрийн тусгай алба хаагч гэсэн хэсэгт Монголбанкны ерөнхийлөгч гэж нэмэх, хавсралтын ТӨ-YI баганын захиргааны албан тушаал гэсэн хэсэгт Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга, ТӨ-YIА баганын төрийн тусгай алба хаагч гэсэн хэсэгт Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч гэж тус тус нэмэхээр тогтлоо.

Байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан хуралдааны төгсгөлд, цаашдаа төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлийн асуудлыг парламентын засаглалтай орнуудын нийтлэг жишигт нийцүүлж шинэчлэхэд Төрийн албаны зөвлөл анхаарч, энэ талаар судалж үзээд шаардлагатай гэж үзвэл холбогдох саналаа Байнгын хороонд ирүүлэхийг үүрэг болголоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс  мэдээлэв.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү