Прокурорын байгууллагаас УИХ-ын гишүүн Г.Солтан, Б.Ундармаа, Д.Дамба-Очир, Л.Энхболд нарыг яллагдагчаар татан шалгаж байгаа билээ. Улмаар тэдний УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлж, шалгах саналыг парламентад хүргүүлсэн ч хүлээж аваагүй юм.
Өнгөрсөн хугацаанд АТГ-аас УИХ-ын гишүүн Г.Солтан, Б.Ундармаа, Л.Энхболд, Д.Дамба-Очир нарыг хэд хэдэн удаа дуудаж, байцаалт, мэдүүлэг авах бичиг хүргүүлсэн ч тэд хуулийнхны дуудсан цаг хугацаанд нь ирээгүй аж.
Үүнтэй холбогдуулан АТГ-аас өнөөдөр /2019.01.16/ 11.30 цагт мэдээлэл хийх байсан боловч прокурорын байгууллагаас зөвшөөрөл олгоогүй юм. Тиймээс хэвлэлийн бага хурлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулаад байна.
Харин дээрх хэргийн талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Хэд хэдэн удаа байцаалт, мэдүүлэг авахаар дуудсан. Гэвч УИХ-ын гишүүн Г.Солтан, Б.Ундармаа, Д.Дамба-Очир, Л.Энхболд нар дуудсан цаг хугацаанд ирэхгүй, байцаалт өгөхөөс татгалзаж байгаа" гэх мэдээллийг өглөө.