Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр өнөөдөр тохиож байна. Өдгөөгөөс 27 жилийн тэртээ 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр Монгол орны өнцөг булан бүрээс хуран цугласан 430 депутат Ардчилсан шинэ Үндсэн хуулиа баталж, даяар олноо зарлан тунхагласан түүхтэй. Тиймээс Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд жил бүрийн нэгдүгээр сарын 13-ны өдрийг Үндсэн хуулийн өдөр хэмээн тэмдэглэж байхаар заасан байдаг билээ. Энэ тэмдэглэлт өдрийг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд нийт ард иргэддээ хандан мэндчилгээ дэвшүүллээ.
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ӨДРИЙН МЭНДЧИЛГЭЭ
Бүрэн эрхт, тусгаар тогтносон Монгол Улсын Эрхэм хүндэт иргэд ээ,
Та бүхэндээ Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийн мэндчилгээ өргөн дэвшүүлье.
Хорин долоон жилийн тэртээ 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр монгол түмэн шинэ Үндсэн хуулиа баталж, “МЭДЭГТҮН, САХИГТУН” хэмээн даяар олноо зарлан тунхагласан билээ. Энэ бол шинэ эриний эхлэлийг тавьж, иргэний эрх, эрх чөлөөг дээдэлсэн нийгмийн дэвшлийн төлөө бидний хийсэн түүхэн сонголт байлаа.
Үндсэн хуулийн төслийг боловсруулах, хэлэлцэх төрийн үйл хэрэгт монголчууд чин сэтгэлээр, гүн хүндэтгэлтэй хандаж, 900 гаруй мянган хүн оролцсон байдаг. Энэ бол сонгуулийн насны нийт иргэд бараг бүгдээрээ Үндсэн хуульдаа санал бодлоо тусгасан гэсэн үг. Шинэ Үндсэн хуулиа бид монголчуудын оюун санааны хамтын бүтээл, нийгмийн зөвшилцлийн тунхаглал хэмээн үнэлдгийн учир энэ ээ.
Шинэ Үндсэн хуулиараа Та бид улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилгоо болгосон. Тэр цагаас хойш 27 он улираад байна.
Энэ хугацаанд улс гэрээрээ Та бидний олсон ололт, хүрсэн үр дүн чамлахааргүй их бий. Сургамж ухаарал, туршлага санамж ч бага биш хуримтлагдлаа. Энэхүү ололтоо бататгах, сургамжаа цэгнэх нь ялангуяа энэ цаг үед нэн чухал болоод байна.
Улс орон, ард иргэдийнхээ ирээдүйн хувь заяаг хэлтийлгэлгүй зөв тэгш авч явах, улс төрийн богино нүүдэл, ойр зуурын ашиг хонжоо эрэлхийлэхээс ангид байх нь өнөөгийн Монголын төр, засгийн түшээ нарын эх орон, иргэдийнхээ өмнө хүлээх ариун үүрэг, хүндэтгэлт хариуцлага мөнийг тэмдэглэхийн ялдамд нийт улс орны хөгжил дэвшил, нэгдмэл үндэстний эв эеийг эрхэмлэх түүхэн цаг үе ирээд байгааг гүнээ ухамсарлах ёстой гэж үзэж байна.
Иргэд Та бүхэн ч Үндсэн хуулийнхаа үзэл санаан дор нэгдэж, болзошгүй буруу алхам, болчимгүй хазгай үйлдлээс өөрийгөө төдийгүй улс түмнээ сэргийлэн сэрэмжлэхийг санаж явууштай гэдгийг тэмдэглэж хүсэхийг хүсэж байна.
Үндсэн хуулийн энэ өдөр бол Монгол Улс туурга тусгаар оршин байгаагийн баталгаа юм. Үндэстнийхээ түүх, соёлыг уламжлан хадгалсаар буйн бахархал, дэлхийн дайдад Монголоороо бахархах омогшил билээ. Улмаар Монгол хүн ардчилсан эх орондоо эрх чөлөөт эзэн нь байгаагийн илэрхийлэл мөн.
Тиймээс Монгол эх орны Хүндэт иргэн Танд мэргэн холч ухаан, тэгш дүүрэн амьдрал, ирээдүйгээ дархлах эрмэлзэл тэмүүллийг ерөөе.
Монгол төрийн сүлд хийморь ямагт бадран мандах болтугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА МИЕЭГОМБЫН ЭНХБОЛД
2019 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр