УИХ-ын Хууль зүйн байнгын хороо чуулганаар орох асуудлуудыг хаалттайгаар хэлэлцэж эхэллээ. Тус байнгын хороогоор УИХ-ын гишүүн Г.Солтан, Л.Энхболд, Б.Ундармаа, Г.Дамба-Очир нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах тухай прокурорын байгууллагын саналыг хүлээж авах эсэх талаар болон 2019.01.04-нд Ерөнхийлөгч Х.Баттулгын өргөн мэдүүлсэн УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай, УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.
УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлаар прокурорын байгууллагаас санал ирсэн тохиолдолд 48 цагийн дотор УИХ-аар хэлэлцэн шийдвэрлэх хуультай бөгөөд ийнхүү холбогдох байнгын хороогоор хэлэлцүүлэн чуулганы нэгдсэн хуралдаанаар оруулахаар болсон юм. Түүнчлэн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан УИХ-ын даргыг гишүүдийн олонхийн саналаар огцруулдаг хуулийн заалт буюу Ерөнхийлөгч Х.Баттулгын 2019.01.04-нд өргөн мэдүүлсэн УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай, УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөртөө багтаагаад хэлэлцэх чиглэлийн хүрээнд ийнхүү хуралдаж байгаа юм.