Чуулганы хуралдаан ирц бүрдээгүйн улмаас хуралдсангүй

Чуулганы хуралдаан ирц бүрдээгүйн улмаас хуралдсангүй


6 жил

Монгол Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2018.12.28) нэгдсэн хуралдаан ирц бүрдээгүй шалтгаанаар найм дахь удаагаа хойшиллоо. Энэ өдрийн 11.03 цаг гэхэд хуралдаанд ирвэл зохих 68 гишүүнээс 35 гишүүн ирж, ирц 46.7 хувьтай. 

УИХ-ын 75 гишүүний долоо нь хүндэтгэх шалтгаантай нэгдсэн хуралдаанд хүрэлцэн ирээгүйг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан мэдээлээд энэ өдрийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэхээр төлөвлөөд байсныг дуулгалаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-д Үндэсний Аюулгүй байдлын талаар мэдээлэл хийх хүсэлтээ ирүүлснийг өнгөрсөн долоо хоногт УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцээд энэ долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулсан гэдгийг УИХ-ын дэд дарга мэдэгдээд энэ өдрийн хуралдааны хэлэлцэх эхний асуудал байсныг онцлов.

Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбатаас Монгол Улсын Ерөнхий сайдад хандан “Ханшийн өсөлттэй холбогдуулж хийсэн интервенци, мөнгөний болон төсвийн бодлогын уялдаа, Засгийн газрын өрийн талаар” тавьсан асуулгын хариуг сонсохоор төлөвлөсөн байна.

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан өнөөдрийн хуралдаанд хүрэлцэн ирсэн УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнг намын бүлгийн гишүүдээ хуралдааны танхимд ирүүлж, ирц бүрдүүлэхийг хүсэв.

Гэсэнч ирц бүрдээгүй учраас хуралдаан даргалагч, УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, товлосон цагаас хойш нэг цаг гаруй хүлээсэн ч хуралдааны ирц бүрдээгүй учир хуралдах боломжгүй болсныг мэдэгдээд иргэд, сонгогчдоосоо уучлал хүсэж, оны отгон хуралдаанд оролцохоор хүрэлцэн ирсэн гишүүдийн нэрийн өмнөөс сонгогчдодоо шинэ оны мэнд дэвшүүллээ.

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү