Төрийн байгуулалтын байнгын хороогоор УИХ-ын даргыг огцруулах асуудлыг хэлэлцэх боломжгүй гэж үзлээ

Төрийн байгуулалтын байнгын хороогоор УИХ-ын даргыг огцруулах асуудлыг хэлэлцэх боломжгүй гэж үзлээ


6 жил

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 63.1 хувийн ирцтэйгээр эхэлсэн. Өнөөдрийн хуралдаанаар Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах журам”-ийг батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн юм.

Мөн хурлын товд ороогүй ч байнгын хорооны гишүүдийн саналаар УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах асуудлыг хэлэлцэх санал гаргасан бөгөөд уг асуудлыг хэлэлцэх боломжгүй хэмээн үзлээ.

Тодруулбал, хуралдааны эхэнд УИХ-ын дарга М.Энхболдыг өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ гаргахыг шаардсан Л.Оюун-Эрдэнэ нарын 40 гишүүний гарын үсэгтэй бичгийг Төрийн байгуулалтын байнгын хороо руу шилжүүлсэн болохыг байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан хэлсэн юм. Ингээд энэ асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэх боломжгүй хэмээн хорооныхон үзсэн талаараа дурдав. Учир нь УИХ-ын даргыг хугацаанаас нь өмнө чөлөөлөх, огцруулах таван заалтын аль нэг нь хангагдсан тохиолдолд байнгын хороогоор хэлэлцэх юм гэдгийг тайлбарлав. Өөрөөр хэлбэл хууль зүйн бүрдэлгүй гэдгийг хэлсэн юм.

Мөн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу УИХ-ын дарга Үндсэн хууль зөрчсөн талаарх Цэцийн дүгнэлт гарсан байх шаардлагатай байдаг тул ийнхүү уг асуудлыг хэлэлцэх боломжгүй гэдгийг Д.Лүндээжанцан хэлсэн бөгөөд хэлэлцэх асуудлаас хассан юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү