Ардчилсан намын IX их хурал өчигдөр /2018.12.05/Төрийн ордонд болж, 1040 төлөөлөгч оролцлоо. Энэ удаагийн их хуралд АН-ын Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэболд АН-ын дүрмийн үзэл баримтлалын төслийг танилцуулсан бол намын дарга С.Эрдэнэ улс төрийн илтгэл тавьсан юм. Өчигдөр хуралдсан тус намын Үндэсний бодлогын хорооны хуралдаанаар АН зургаан дэд даргатай байхаар тогтож, УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Р.Амаржаргал болон Б.Пүрэвдорж нарыг намын дэд даргаараа сонгосон бол дараагийн гурван дэд даргыг дараагийн Үндэсний бодлогын хорооны хуралдаанаар тодруулахаар тогтсон юм.
Ардчилсан намын дарга С.Эрдэнэ илтгэлдээ “2016 оны сонгуулийн үр дүнгээс хойш Ардчилсан намын шинэчлэл эрчимтэй өрнөж, та бид гардан хэрэгжүүлж, хамтран зүтгэсээр ирлээ. Шинэчлэл бол тодорхой хугацаанд хийгээд дуусгадаг зүйл биш ээ. Шинэчлэл бол нэг сонгуулиар, нэг ялалтаар нэг мөр шийдэгддэг зүйл ч биш юм. Шинэчлэл бол байнгын үйл явц, байнгын зүтгэл, байнгын хамтын ажиллагаа, байнгын хөдөлмөр бөгөөд урт хугацаанд, тогтвортой хэрэгжүүлэх, үндэсний эрх ашиг, тусгаар тогтнолыг хамгаалсан хүний эрх, эрх чөлөөний бүхий л үнэт зүйлсийг баталгаажуулах амьд үйл явц юм.
Шинэчлэл өөрөө тодорхой зарчим, үзэл санааны шалгуураар байнга өрнөж байдаг, улс төрийн намыг амьд байлгадаг цусны эргэлт, оршин тогтнох үнэ цэнэ юм. Ардчилсан нам өнгөрсөн хоёр жилийн хугацаанд өрнөсөн шиг ийм далайцтай шинэчлэлийн эрс алхмуудыг өмнө нь хийж байсангүй. 2016 онд Ардчилсан нам УИХ-ын болон бүх шатны сонгуульд амжилтгүй оролцсон хэдий ч өнөөдөр сөрөг хүчнийхээ үүргийг зөвхөн УИХ төдийгүй аймаг, дүүргийн ИТХ-ийн хурлууд дээр маш амжилттай хэрэгжүүлж байна. Бид 2020 оноос эхлэн улс орны хэмжээнд цараатай ялалт, бодлогын манлайллыг хэрэгжүүлж эхэлнэ” гэдгийг илтгэлдээ онцолсон юм.