Жижиг, дунд үйлдвэрлэл/ЖДҮ/-ийг хөгжүүлэх сангаас өөрийн хувьцаа эзэмшдэг болон хамаарал бүхий компаниуддаа эрх баригч намын гишүүд тэрбум, тэрбумаар нь зээл авсан асуудал Засгийн газрыг донсолгоод тогтохгүй УИХ-ын хувь заяаг хөндөхөд хүргэж буй. Харин УИХ-ын гишүүн Ж.Батзандан чуулганы хуралдаанд оролцох үеэрээ ЖДҮ-ийн энэхүү дуулианыг жижиг гэж мэдэгдсэн нь олны гайхлыг төрүүлээд байна.
Цахим орчинд түүний мэдэгдлийг “ЖДҮ-гээс өөрөө зээл авчхаад өмгөөлж хамгаалаад байгаа юм биш биз” гэж сэрдж байна. Ямартай ч УИХ-ын гишүүн Ж.Батзанданд “ах” намынхны албан тушаалаараа үгсэн хуйвалдаж, компаниудаа гурван хувийн хүүтэй зээлээр “угжсан” үйлдлийг өмгөөлөх цаад шалтгаан байгаа бололтой.
ЖДҮ-г жижиг гэж үзэж болохгүйн шалтгаан бол уг сангаас зээл авсан гурван ч гишүүнийг мөнгө угаасан байж болзошгүй гэх хэрэгт сэжиглэн, шалгах болсон тухай мэдээлэл бий. Жилийн гурван хувийн хүүтэй олгогддог зээлийг банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан, 30 гаруй хувьтай болгон бусдад дамжуулан зээлдүүлсэн бол энэ хуулийн хэллэгээрээ цэвэр мөнгө угаасан хэрэг болох юм.
Жирийн иргэн гудамжнаас гар утас олсноо зараад мөнгө угаасан гэмт хэрэгтэн болж, саатуулагдаж байхад Мөнгө угаах болон терроризмтой тэмцэх тухай хуулийг батлалцсан гишүүд ЖДҮ-гээс авсан бага хүүтэй зээлийг банк бус санхүүгийн байгууллагад оруулсан нь тогтоогдвол мөнгө угаасан хэрэгтэн л болж таарна. Иймээс энэ асуудлыг жижигрүүлж болохгүй юм.
эх сурвалж: news.mn